Эрүүл мэндийн салбарыг авлигач албан тушаалтнууд тартагт нь тулгаж байна уу

Орон даяар багш нар ажил хаясантай зэрэгцээд эмч, эмнэлгийн ажилтнууд ч цалингаа нэмүүлэх, ачааллаа багасгах талаар дуу хоолойгоо төр засагт хүргэхийн тулд суулт зарлаж байна. Багш, эмч нар дуу хоолойгоо эрх баригч, хууль тогтоогчдод хүргэх нь зөв. Эмч нарын цалинг тодорхой хувиар нэмэх санхүүжилтийг эрүүл мэндийн салбарын авлигачдын учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх замаар гаргуулбал зүйтэй бус уу. Энэ салбарт ажиллагсад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдөдөө, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, татвар болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгсдийн мөнгийг үрэн таран хийсэн жишээ нэг бус.
Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд үгүй хийхэд оролцож, тус банк 1.7 сая ам.доллароо Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн. Эл хэрэгт Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд холбогдон шалгуулж, яллагдагчаар татагдаад буй. Төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Tai-han Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж тендерт шалгарсныг АТГ-ынхан Дэлхийн банктай хамтран тогтоосон байдаг. Тус банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Уг хэрэгт холбогдуулж сайд асан С.Энхболдоос гадна түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд, “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг шалгаж буй билээ. Өдгөө энэ хэрэг Японы талд тавьсан эрх зүйн туслалцааны хүсэлтийн хариуг хүлээн эцэслэн шийдвэрлэгдэж чадахгүй байна.
АШУҮИС БОЛОН ЭЭХХЗГ-ЫН АЛБАН ТУШААЛТНУУД ШҮҮХ ХУРЛАА ХИЙЛГЭХГҮЙ БАЙНА
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэргийг хянан шийдвэрлэхээр нэг бус удаа хурлыг нь товлосон ч шүүгдэгч, өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр хойшлуулсаар байгаа юм. Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн харьяа Нүүр, ам судлалын сургуулийн багш Б.Жавзан, түүний нөхөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын эмийн сунгалт хариуцсан албан тушаалтнаар ажиллаж байсан Ч.Баяр тэргүүтэй төрийн албан хаагчдад прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 22.4-1 “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин гурван хүнд эл хуулийн 22.5-1-ийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон” гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж.
ЭЭХХЗГ-ын эмийн сунгалт хариуцсан мэргэжилтэн Ч.Баяр албан тушаалаа урвуулж, эхнэр Б.Жавзангийнхаа хамаарал бүхий, садан төрлийн хүний нэр дээрх “Батс энд би жи” ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулахад нөлөөлж, давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй юм. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2022 оны долоодугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн эл компанид 2023 оны хоёрдугаар сарын 10-ны А/25 дугаартай ЭЭХХЗГ-ын даргын тушаалаар тусгай зөвшөөрөл олгосон гэнэ. Үүнээс гадна “Вирида вита гоулд мед” гэх компанид давуу байдал олгуулсан хэмээн буруутгаж буй аж. Ингэж тусгай зөвшөөрөл гаргуулахдаа Б.Болор, Г.Амартүвшин, Б.Таванжин гэх хүний нөлөө, оролцоотойгоор хамтран гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдоод байна.
Эдгээрээс гадна Ч.Баяр нь “Еврофарм” ХХК-ийн импортолдог гурван эмийн тусгай зөвшөөрлийг сунгахын тулд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Батцэнгэлээс хахууль авсан хэрэгт ч холбогдсон аж. ЭЭХХЗГ-ын орон тооны бус шинжээчдэд худал танилцуулга өгсөн хэмээн яллагдагчаар татсан гэнэ. Ч.Баяр, Б.Жавзан, Б.Болор, Г.Амартүвшин, Б.Отгончимэг, Б.Таванжин, Б.Тунгалаг, Д.Батцэнгэл нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 29-ний 11.00 цагт хэлэлцэхээр товлоод байгаа юм.
ЭЭХХЗГ-ын нэг бус албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгуулж, заримыг нь шүүхээр шийдвэрлэсэн. Байгуулагдаад удаагүй энэ газарт авлигын эрсдэл яагаад өндөр байна вэ гэхээр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч аж ахуйн нэгжүүд өөрсдийн “шахааны” хүмүүсээ ЭЭХХЗГ-т албан тушаалд томилуулдгаас үүдэлтэй. Зөвхөн тус газраар тогтохгүй, ЭМЯ-ны харьяа байгууллагуудад хүний нөөц бүрдүүлэлт танил талаар явагддагийг нь Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-өөс тогтоож, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад тогтоолоо хүргүүлсэн байдаг. Уг тогтоолын хавсралтад заасан албан тушаалтнуудын томилгоог хуульд нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээ авахыг үүрэг болгосон юм билээ. Харамсалтай нь, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ТАЗ-ын тогтоолыг хэрэгжүүлсэн, эсэх нь тодорхойгүй. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, С.Одонтуяа нарын хамааралтай, эм, эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн бус хүмүүсийг Төрийн албаны тухай хууль зөрчин ЭЭХХЗГ-т томилсон байдаг.
ТТАХНЭ-Т ЭМ, ТАРИА ИЛҮҮДЭЖ, ДУТАЖ БАЙГААГ ЯАМНЫХАН НЬ МЭДЭЭГҮЙ СУУНА
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн захирлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Одонгуа хэмээх улс төрийн албан тушаалтныг томилоод төдийлөн удаагүй байна. Гэтэл түүнд хилийн цэргийн дэд хурандаа цол олгосон юм билээ. Цэргийн хэргийн мэдлэг хомс, хил хамгаалах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг төдийлөн сайн мэддэггүй хүнд хилийн цэргийн ахлах офицерын цол олгосон нь хэр зохимжтой бол.
ТТАХНЭ-ийн захирал нь ийм цолтой байх ёстой гэсэн хууль, дүрэмтэй учраас Ерөнхийлөгчийн цэргийн цол олгох журамтай зөрчилдөн дэд хурандаа болгосон биз. Ганц энэ хүний цол хэргэм ч яах вэ. Харин удирдаж буй эмнэлэгт нь их хэмжээний эм, тариа илүүдэж, дутсан зөрчил гарч байхад удирдлага нь ч, хариуцсан албан тушаалтнууд нь ч, харьяалах дээд байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам нь ч нүдэн балай, чихэн дүлий суугаа нь хачирхалтай. ТТАХНЭ-ийн эм зүйн албанд өнгөрсөн наймдугаар сарын 15-20-ны хооронд гэнэтийн шалгалт хийжээ. Гэтэл тус эмнэлэг дэх эмийн гурван агуулахаас олон тооны эм, тариа илүү гарсан, дутсан нь тогтоогдсон гэнэ. Нэг агуулахад нь тооллого хийхэд долоон нэр, төрлийн 800 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдэх эм, тариа, хэрэгсэл илүү гарсан байгаа юм. Харин 20 нэр, төрлийн 1.2 саяар үнэлэгдэх эм, тариа дутсан аж. Бэлгэвч л гэхэд 300 гаруй байх ёстой ч 40 гаруйгаар илүү гарчээ. Мэс ажиллаварын зүү, утас өмнөх тооллогоор нь 12 байсан ч энэ удаагийнхаар 60 болж өссөн байна. Гэтэл тухайн агуулахаас багадаа л 2-3, олон нь 25-50 ширхэг аналгин, атенолол, векарон гэх зэрэг эм, тарилгын шингэн дутуу тоологдсон байх юм. Мөн 3.9 сая төгрөгөөр үнэлэгдэх эм, тарианы хугацаа дууссан байсан гэнэ. Өөр нэг агуулахаас нь 4.7 сая төгрөгийн үнэтэй 84 эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл илүү гарч, 700 гаруй мянгаар үнэлэгдэх бүтээгдэхүүн дутсан байв. Гурав дахь агуулахад нь шалгалт хийхэд мөн л 80 гаруй төрлийн эм, тариа илүү гарч, 30 гаруй төрлийнх дутсан аж. Гурван агуулах нь нийлээд 2.1 сая төгрөгийн үнийн дүнтэй бүтээгдэхүүн дутсан бол, 6.3 саяар тооцогдох нь илүү гарчхаад байгаа гэнэ. Тэдгээр дутсан эм, тариан дотор сэтгэцэд нөлөөлөх нь ч цөөнгүй байжээ. Ийнхүү зөрчил гарч, олон сая төгрөгөөр үнэлэгдэх эм, тариа, тэр дундаа сэтгэцэд нөлөөлөх бүтээгдэхүүн нь дутчихаад байхад эмнэлгийн удирдлага нь ус балгасан мэт дуугүй сууж буй юм. Уг нь ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Н.Одонгуад энэ талаар холбогдох албан тушаалтнууд нь танилцуулсан л юм билээ. Харамсалтай нь, танил тал, найз нөхдийн харилцаатай учраас уу, эсвэл өөр холбоо сүлбээтэй болохоор тэр үү, дутагдал гаргасан албан тушаалтанд ямар нэг арга хэмжээ аваагүй гэнэ.
Уг нь холбогдох хууль хяналтын байгууллага нь сайтар шалгавал эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулдаг аж ахуйн нэгжүүд ч юм уу, ямар нэг газраас хугацаа нь дуусах дөхсөн, эсвэл илүүдэл бүтээгдэхүүнээ ТТАХНЭ-т “шахсан” байж болзошгүй үйлдлийг илрүүлэх боломжтой мэт. Даанч ХЗДХЯ-ныхан мэдээгүй дүр эсгэж сууна. Бидний авсан мэдээллээр ТТАХНЭ-ийнхэн энэ асуудлаар танилцуулга бэлтгэн салбарын яамандаа хүргүүлсэн юм билээ. Гэтэл түүнийг нь тус яамны хэн нэгэн эрхтэн, дархтан нь ширээндээ хав дарчхаад холбогдох байгууллагуудаар шалгуулахгүй байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.