Луврын музей дотор цагдаагийн газар байгуулна гэв

Луврын музей дотор цагдаагийн газар байгуулна гэв

Алдарт Луврын музейд өнгөрөгч ням гарагт гарсан хулгайн дараа тус музейн захирал Лоренс де Карыг Францын Сенатаас асуулгад дуудаж, цаашдын арга хэмжээг хэлэлцжээ. 

Дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн алдартай урлагийн музейнүүдийн нэг Луврт энэ сарын 19-ний өдөр дөрвөн этгээд нэвтэрч, 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлаад, зугтсан билээ. Гэгээн цагаан өдрөөр болсон энэхүү хулгайн талаар мэдээ дэлхий даяар шуугиан дэгдээж, Францын эрх баригчид уг явдлыг үндэсний доромжлол гэж үзэж байгаа бололтой. Музейн захирал Лоренс де Кар хулгай гарсан өдөр огцрох саналаа өгсөн ч Соёлын сайд Рашида Дати хүлээж аваагүй гэнэ.

519fa7af7b8c40848a40f6f2a5f32e19

Тэгвэл тэрээр өчигдөр Сенатын гишүүдийн асуултад хариулах үеэрээ Луврын музейн гадна талбайг хамарсан хяналтын камер хангалтгүй байсны улмаас хулгайчдыг цаг тухайд нь илрүүлж чадаагүй гэж мэдэгджээ. Холбогдох сайд нар ч мөн аюулгүй байдлын ноцтой алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Олон зуун жилийн түүхтэй тус барилгын харуул хамгаалалт маш их асуудалтай байгааг Лоренс де Кар өмнө нь олон удаа анхааруулж байсан ч өдийг хүртэл дорвитой арга хэмжээг аваагүйг мөн онцолжээ. Одоо харин тэрээр Луврын эргэн тойронд автомашин тавихыг хориглосон бүсүүдийг бий болгож, хяналтын камерын сүлжээг сайжруулаад зогсохгүй, музейн дотор цагдаагийн газар байгуулахыг Дотоод хэргийн яамнаас хүснэ гэж мэдэгдсэн юм.

Дашрамд дурдахад, сүүлийн хоёр сарын хугацаанд Францын дөрвөн ч музей хулгайд өртөөд байгаа аж.

Эх сурвалж: Reuters, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.