АНУ ОХУ-ын газрын тосны компаниудад хориг тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын газрын тосны хамгийн том компаниуд болох "Лукойл" болон "Роснефть"-ийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Украинтай дайтаж буй Оросын эсрэг Европын Холбооноос хориг арга хэмжээний 19 дэх багцаа баталж, шингэрүүлсэн байгалийн хийн импортыг нь бас хориглоод байгаа бол Их Британи өнгөрсөн долоо хоногт мөн адил "Роснефть", "Лукойл" компаниудад хориг тавьсан юм.
АНУ-ын энэхүү арга хэмжээний дараа боловсруулаагүй газрын тосны үнэ нэг баррель нь хоёр ам.доллароор нэмэгдэж, 64 ам.долларт хүрчээ.
Үүнээс өмнө ОХУ-ын эсрэг хориг тавилгүй, харин худалдааны арга хэмжээг илүүд үзэж байсан Ерөнхийлөгч Трампын хувьд энэ нь бодлогын томоохон өөрчлөлт юм. Оросоос хямд үнээр газрын тос худалдаж авсан Энэтхэг Улсаас гаралтай бараа бүтээгдэхүүнд АНУ энэ оны эхээр 25 хувийн татвар нэмж ногдуулсан. Харин Оросын газрын тосны өөр нэг томоохон худалдан авагч болох Хятадад одоогоор нэмэлт татвар ногдуулаагүй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Ерөнхийлөгч Трампын энэ удаагийн арга хэмжээ нь том алхам бөгөөд цаашид улам даамжрах магадлалтай аж. АНУ одоо "Роснефть" болон "Лукойл"-той худалдаа эрхэлж буй хэн бүхэнд хориг арга хэмжээ авах эсэх нь хамгийн том асуулт болоод байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.