🔴Г.Дамдинням: Дайны уршгаар ОХУ-аас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Бидний хувьд зохиомол хомстол бэрхшээлтэй нүүр тулгараад байна.
Улаанбаатар хотод ердийн үед өдөрт 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Гэтэл сүүлийн өдрүүдэд 1800 тонн шатахуун нийлүүлээд оочер, дугаар татрахгүй байна.
Манай нийт хэрэглээний 92 хувийг дангаар хангадаг ОХУ-ын нефть боловсруулах 22 үйлдвэрт геополитикийн асуудлаас болоод эвдрэл гэмтэл үүсжээ. Улсын нийт хүчин чадлын 30-40 хувь нь доголдсон гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор ОХУ он дуустал АИ92 автобензинд хязгаарлалт тогтоосон. 10 дугаар сард 58 тонн A92 шатахууныг ОХУ-аас үлдсэнийг нь БНХАУ-аас авахаар гэрээ хэлцэл хийсэн.
Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн ээлжит завсар энэ сарын 15-нд дууссан. Үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байгаа учраас нийлүүлэлт багассан. Энэ асуудлаар ОХУ-тай холбогдоод гэрээний дагуу тээвэрлэлттэй холбоотой асуудалд анхаарал тавихыг хүссэн.
АИ92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Гол нь иргэдэд сандарч тэвдэлгүй, автомашины шатахууны саваа бүтэн дүүргэлгүй, ердийн хэрэглээгээр авахыг уриалж байна.
Өдөртөө 20-30 литр бензин аваад өдрийнхөө ажлыг залгуулаад явдаг байсан хүмүүс одоо шатахууны саваа бүтэн дүүргээд 50,60,100 литрээр нь аваад байгаа учраас хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөртөө 2000 гаруй тонн шатахууныг нийлүүлээд байхад л ховх сорчихоод байна.
Тиймээс Улаанбаатарт бага зэргийн хязгаарлалт тогтоож байгаа. Ард иргэд тайван, амгалан байж хэвийн хэмжээгээр шатахуун хэрэглээд байвал байдал тогтворжчихоор байна.
БНХАУ-аас бид сард 3000 гаруй тонн Евро5 стандартын АИ92 шатахуун авдаг. Энэ сард бид 7000 тонныг авахаар захиалсан. Гэвч шатахууны шокоос болж хүрэлцэхгүй болж байгаа учраас 14.000 тонныг авахаар манай яамныхан БНХАУ-д ажиллаж байна. Би өнөөдөр ОХУ-ын Элчин сайдтай уулзана.
Бензин бол тасрахгүй. Хамгийн гол нь хэрэглээгээ хэвийн хэмжээндээ байлгахыг л уриалъя. Шатахууны импорт хэвийн хэрэглээний түвшинд үргэлжилж байгаа. Бүгд оочерлож байгаад л машиныхаа шатахууны савыг автоматаар дүүргээд байвал нөхцөл байдлыг тогтворжуулахад хугацаа орох нь. Улирлын шилжилттэй холбоотойгоор шатахууны нийлүүлэлтийн шок жил бүр болдог. Бид энэ долоо хоногтоо багтаад нөхцөл байдал хэвийн болно гэсэн хүлээлттэй байна. Хэвийн хэрэглээгээрээ шатахуун авбал өнөө, маргаашгүй л тогтворжих гээд байгаа юм. Оочерлох, дугаарлах, байгаа дээр нь авах гэж дайрч буйгаас болж хэрэглээ эрс өсчхөөд байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл нэг машинд олгох шатахуунд норм тогтоохоос өөр аргагүй. Яагаад гэвэл бүгдэд хүртээх ёстой шүү дээ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.