ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ
​Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ таалал төгссөнтэй холбогдуулан МСНЭ-ээс эмгэнэл ирүүлснийг хүргэж байна. 
 
ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ
/1932-2025/
​Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ нь 2025 оны 10 дугаар сарын 19-нд таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Х.Цэвлээ нь 1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төржээ. Бага, дунд сургуулиар дамжин, 1962-1966 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, 1970-1972 онд Москвад ЗХУКН-ын дээд сургууль төгссөн улс төр судлаач, сэтгүүлч.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бага сургуульд багш, сумын МХЗЭ-ийн үүрийн дарга, аймгийн намын хороонд зааварлагч, 1956-1959 онд Баянхонгор аймгийн “Лениний зам” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1959-1962 онд Баянхонгор аймгийн Гүйцэтгэх Захиргааны Соёлын хэлтсийн дарга, 1966-1970 онд аймгийн МАХН-ын хорооны лектор-суртал нэвтрүүлэгч, 1972-1980 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, 1980-1990 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч, 1990-1991 онд БНМАУ-ын Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дарга, 1991-1996 онд Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв. 2004 -2015 онд “Их Монгол” дээд сургуульд зөвлөх багшаар ажилласан сэтгүүлзүйн профессор юм.
Хорлоогийн Цэвлээ нь малчны эсгий гэрээс төрсөн энэ цагийн их авьяас билэгтэн, монгол амьдралын гүн ухаантан, энэрэнгүй үзэлтэн, бичиг номын мэргэн буурал, соён гэгээрүүлэгч байв. Тэрбээр өдөр тутмын сонин болоод радио телевизийн байгууллагыг удирдах, залуу авьяастныг төрүүлэх, халамжлан хүмүүжүүлэх, хэвлэл мэдээллийн удирдлагын шинэ арга барил бий болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр нийгэм, соёл, боловсролын алдар хүндтэй зүтгэлтэн байлаа.
Х.Цэвлээ нь өөрчлөн байгуулалтын үеийн Монголын сэтгүүл зүйг удирдан зохион байгуулж байсан оройлогчийн нэгэн, дан ганц намын бус ардчиллын үзэл санааг тэр үеийн “Үнэн” сониноор тунхаглан зарлаж, нийгмийн оюун санааны хувьд монголын сэтгүүл зүйд шинэ үеийг эхлүүлсэн гавьяатан юм. Түүний ардчилсан өөрчлөлтийн салхийг хагалан бичиж байсан “Ардчилсан хувьсгалын тохироо бүрдлээ”, “Галбын говийн дөрвөн тэмээчнийд”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах бэ?”, “Хөл нүцгэн сэхээтэн” зэрэг нийгмийг донсолгосон хурц хурц өгүүлэл, асуудал дэвшүүлсэн олон арван нийтлэл нь тэр үеийн нийгмийн оюун санааны амьдралд хүчтэй нөлөөлсөн юм.
Х.Цэвлээ бол монголын гэгээлэг, цагаан сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг төдийгүй улс орны түүхийг тухайн цаг үеийн хамаг хүндийг үүрч, ажил амьдралын чухамхүү гал дунд явсан бодит хүмүүстэй нь мөнхлөн үлдээсэн хөрөг нийтлэлийн өвөрмөц сэтгүүл зүйн гол төлөөлөгч. Түүний үнэнийг эр зоригтой, эрс шулуун хэлсэн шударга сэтгүүл зүйн өнгө төрх хэзээ ч хувирч өөрчлөгдөөгүйг “Ээж бидэн хоёр”, “Алтан тууж”, “Дээлтэй судар”, “Болор судар”, “Манай үеийн баатрууд”, “Сониндумаа”, “Сүмбэр гурван оргил”, “Хоточ цагаан банхар”, “Нандин чанар”, “Үзэг бидэн хоёр” зэрэг нийтлэлийн томоохон ном бүтээлүүд нь нотолно.
Х.Цэвлээ нь эдүгээ дэлхий дахинд эрч хүчээ авч буй Ногоон хөгжил буюу ногоон сэтгүүл зүйг 1980-аад онд “Үнэн” сонины хуудаснаа эхлүүлсэн эрхэм энэ үйлсийг Монгол даяарт үндэслэгчдийн нэгэн байв. Түүний гардан хариуцаж даацтай дуугарсан “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна“ цуврал нийтлэлийг одоо ч ногоон сэтгүүл зүйн гол жишээ болгон үзэж судалсаар байна.
​ Монголын үндэсний сэтгүүл зүйн онолын болоод практик сэтгэлгээг шинэчлэгч Х.Цэвлээгийн “Миний сэтгүүл зүй 1,2”, “Нийтлэл зүйн тухай яриа”, “Өвөөгийн жор 1,2”, “Монголын шилдэг нийтлэлийн 59-р боть” зэрэг ном бүтээл нь үе үеийн оюутан сэтгүүлч, эрдэмтэн судлаач, багш сэхээтнүүдийн гарын авлага, сэтгүүл зүйн сургалт судалгааны энэ цагийн үнэ цэнтэй бүтээл болжээ.
Алдартай нийтлэлч Х.Цэвлээ насан турш эх хэлнийхээ баялгийг баяжуулагч, үлгэрлэн манлайлагч байж эх монгол хэлний хамгийн түвэгтэй, нарийн илэрхийллийг ч шаглан урлаж ирсэн үгийн ид шидийн гайхамшгийг эзэмшсэн сэтгүүл зүйн уран үгийн мастер байлаа.
​Х.Цэвлээгийн “Монголын нууц товчоо”-г сэтгүүл зүйн онолын судалгааны хүрээнд татан оруулж, “сэтгүүл зүйн түүхийн дурсгалт бичиг мөн” гэж нотлохыг оролдсон судалгааны ажил нь монголын сэтгүүл зүйн онолын практикт төдийгүй Олон улсын “Монголын нууц товчоо” судлалд яах аргагүй үнэ цэнтэй, шинэлэг сэтгэлгээний үүд хаалгыг нээсэн юм.
Монголын сэтгүүл зүйн түүхэн дэх амьд домог, Монголын сэтгүүл зүйн ууган Хөдөлмөрийн баатар, хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн удирдагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгүүл зүйн онол, практикийг хослуулан хөгжүүлэгч, XX, XXI зууныг дамжсан хүчирхэг нийтлэлч Хорлоогийн Цэвлээгийн оюуны нөр их хөдөлмөр, бахдам үйлс, үндэсний тулхтай сэхээтний дуурайлалт чанар нь Монголын эгэл олон уншигчид, үзэг нэгт үе үеийн сэтгүүлчид, ялангуяа Монголын залуу хойч үеийнхний оюун санаанд үлгэр дуурайл болсоор байх болно.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.