🔴Х.Нямбаатар: Энэ онд 5000, ирэх онд 50 мянган өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1001 гэр дулаалахаас 930 гэрийг дулаалсан. Ажлын явц 93 хувьтай. Мөн 248 байшин дулаалсан. Дулаалгын ажлууд үргэлжилж байна. Дулаалгын материалын чанарт 11 менежер хяналт тавьж, дүүргийн удирдлагууд болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас дулаалгын чанарт анхаарч ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Хотын төвтэй ойр, агаарын бохирдол ихтэй байршлууд Баянгол, Чингэлтэй дүүрэгт Гандан, Зурагт, Эх нялхас орчмын айл өрхүүдийг дулаалгын төсөлд хамруулж, цаашлаад хийн түлшинд шилжүүлнэ. Иргэдийг нүүрс түлэхгүй, газын төхөөрөмжөөр халаалтаа шийдүүлэх зориулалтаар гурвалсан гэрээ байгуулж байгаа. Галлагааны улиралд буюу есөн сарын хугацаанд 900 орчим мянган төгрөгийг газын хэрэглээнд татаасаар олгоно. Газын төхөөрөмж дээрээ плитка ажиллуулж болно. Хоёр тал руугаа хална. Их дуу чимээ гаргахгүй. Арваннэгдүгээр сарын 15-наас эхний ээлжийн газын төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлэх төсөл амжилтад хүрсний дараа 2026 оны тавдугаар сараас 50 мянган өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ. ОХУ-аас газ татан авахад асуудалгүй төлөвлөлт хийсэн. “Горгаз” ХХК-тай мөн хамтарч ажиллана. Европын орнуудад хэрэглэдэг хийн түлшний стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү стандартын дагуу автоматаар унтрах технологитой газыг нэвтрүүлнэ” гэв.

Чингэлтэй дүүргийн хувьд аравдугаар сарын 25-наас эхлэн өдөрт 100 байшин дулаалж, нэг сарын хугацаанд 2000 байшинг бүрэн дулаалж дуусгахаар төлөвлөжээ. Байшинг хар замаскаар нааж давхар хадаасаар бэхэлж, гал дэмждэггүй, шатдаггүй В1 хөөсөөр дулаалж, нийт 116 хүн дулаалгын төсөлд ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар дулаалж байгаа юм.

a7ab22d87cef49e2ab22ec8e4b994038

Дулаалгын төслийн талаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Жаргалсайхан “Нийслэлээс шатдаггүй чанартай материалаар байшингаа дулаалуулж байна. Дулаалгын ажилд их сэтгэл хангалуун байгаа. Байшингаа дулаалаад, газын хэрэглээнд шилжээд, ажил санаачилж байгаа хүмүүсээ дэмжээд явахад Улаанбаатар утаагүй болно гэж итгэж байна” гэв.

4f4fa53396424c4ab90accb12f1a2741

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвасүрэн “Гэр хорооллын янданг буулгаж байж л утаа буурна. Дулаалга аянд хамрагдсандаа баяртай байна. Манайх өнгөрсөн жил долоо хоногт долоон шуудай түлш түлдэг байсан. Энэ жил энэ тоо хоёр дахин багассан. Байшин дулаанаа алдахгүй сайхан байна. Тиймээс илүү олон айлыг дулаалж, хийн түлшинд шилжүүлээсэй гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хасх 1 цаг өмнө
Худлаа битгий хуц!