🔴Б.Чойжилсүрэн: Нэг эх үүсвэрт саатал үүсвэл цахилгаан хязгаарлахаас өөр гарцгүй

Цахилгаан, эрчим хүчний хязгаарлалт болон салбарын бусад асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 

-Өвлийн оргил ачааллын үед бүх тоноглол нөөцгүй ажиллана. Тодорхой хэмжээний саатал үүсэх юм бол тэр хэмжээгээр хязгаарлалтуудыг түр хугацаагаар хийхийг үгүйсгэхгүй. Ер нь бол нийт цахилгаан дамжуулах агаарын шугмын 42 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчихсан байгаа. Цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглэгчийн 95 орчим хувь нэг эх үүсвэрээс цахилгаанаа авдаг. Тэгэхээр нэг эх үүсвэр дээр саатал гарвал цахилгаан хязгаарлахаас өөр гарцгүй.

-Эрчим хүчний салбараас жирийн ажилтан, албан хаагчдыг цомхотгож, мөн тэтгэмжийг нь олгохгүй байгаа талаар мэдээлэл байна. Үүнийг тодруулна уу?

-Ер нь бол төрийн өмчит компаниудын шаардлагагүй орон тоонуудыг цомхотгох бодлого явж байгаа. Үүнд жирийн алба хаагчаас эхлээд дарга цэрэг нар ч хамаарна. Бид тэвчиж болох бүх зардлыг тэвчинэ. Эрчим хүчний салбар өөрөө хүнд байгаа. Гэхдээ олон нийт рүү тариф нэмэх нь ёс зүйгүй учраас эхний ээлжинд байж болох өртгөө хямдруулах бүр бололцоог хааж байгаа нь үнэн. Яг хэдэн хувийн цомхотгол хийх нь тодорхойгүй. Төрийн өмчит компаниуд дээр өөрийнх нь нөхцөл байдалд тааруулаад оновчлолыг хийж байгаа. Сүүлийн үед өөрсдөө өргөдөл өгч гарчихаад, дараа нь янз бүрийн юм ярьж байгаа тохиолдлууд бий. Тодорхой нөхцөл байдал байвал тодорхой ярьж болно.

-Дулаан маш багаар шахагдаж байна гэсэн гомдол иргэдээс ихээр ирж байна.

-Энэ орон сууцын компаниудаас өөрсдөөс нь шалтгаална. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК бол 2025-2026 оны өвлийн оргил ачаалалд бэлэн байгаа. Бүх бэлтгэл ажил хийгдээд дууссан гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.