“Tech Week 2025” ба “ICT Forum 2025” дижитал шилжилтийн шинэ үеийг нээлээ

“Digital First: Цахимаар түрүүнд” уриан дор зохион байгуулагдсан “Tech Week 2025” (9-р сарын 19–25) болон “ICT Forum 2025” (9-р сарын 26) нь Монгол Улсын дижитал шилжилтийн бодлогыг “Бодлогоос бодит хэрэгжилт рүү” шилжүүлсэн түүхэн арга хэмжээ боллоо.
Долоо хоног үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд нийт 7,300 гаруй хүн биечлэн оролцож, цахим сувгаар дамжуулан 3 сая гаруй иргэн мэдээлэл авсан байна.
Төрийн ордонд болсон ICT Forum 2025-д 1,140 гаруй оролцогч хүрэлцэн ирж, 21 аймагт зэрэг зохион байгуулагдсан орон нутгийн хэлэлцүүлэгт 1,900 гаруй төрийн албан хаагч, инженер, багш оролцжээ. Мөн төр, хувийн хэвшлийн 25 гаруй байгууллагын хамтын ажиллагааны бодит шийдвэр, үр дүн гарсан нь дижитал хөгжил улс орон даяар өрнөж буйг илтгэсэн юм.
“ICT Forum 2025”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж, Засгийн газрын эхний 100 хоногийн хүрээнд хэрэгжүүлсэн дижитал бодлогын гол шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулсан билээ.
Монгол Улс НҮБ-ын цахим засаглалын хөгжлийн индексээр 2020 онд 92-р байрнаас 2024 онд 46-р байр хүртэл дэвшин, дэлхийд дижитал шилжилтээр хамгийн хурдтай ахиж буй орнуудын нэгээр нэрлэгдсэн амжилтаа онцолсон юм.
ОНЦЛОХ БОДЛОГЫН ШИЙДВЭРҮҮД:
- “Виртуал Бүс” – Монгол Улс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор анх удаа “Виртуал бүс” байгууллаа.
- 5G технологи – Эрчим хүч, барилга, банк, санхүү зэрэг салбарт 5G технологийг нэвтрүүлэхэд төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.
- ICT Development Project – ЦХИХХЯ, JICA, Сангийн яам, МТҮП хамтран төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Орон нутгийн оролцоо – Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, аймаг, орон нутгийн дижитал хөгжлийг дэмжих бодлогын үр дүнг танилцууллаа.
САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ:
ICT Forum-ийн үеэр дараах системийн асуудлуудыг хэлэлцэн шийдэлд хүрэх саналуудыг гаргав:
- Хүний нөөцийн хомсдол: IT мэргэжилтнүүдэд татварын хөнгөлөлт, тусгай нөхцөл бүхий хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн сургуулийн элсэлтийг 1,000 хүртэл нэмэгдүүлэх.
- Хууль эрх зүйн орчны дутмаг байдал: Оюуны өмчийг барьцаалах боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах журам боловсруулах.
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа: “Government Cloud First” бодлогыг батлан хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний аутсорсингийг дэмжих, цахим дэлгүүрийн системийг нэвтрүүлэх.
- Дэд бүтцийн дутагдал: Хот байгуулалтын төлөвлөлтөд суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын RoW (Right of Way) зохицуулалтыг хэрэгжүүлэх.
Тус арга хэмжээний хүрээнд “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлагдсан.
Мөн Монгол Улс “Их өгөгдөл ба хиймэл оюун ухаан”-ны экосистемийг хөгжүүлж, Азид тэргүүлэгч 10 улсын нэг болох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд Mining & AI, Fintech & AI, Renewable & AI, Environment, Climate Change & AI, National Security & AI, Education & AI, Health & AI, Agriculture & AI, Government & AI зэрэг 9 чиглэлд бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортлоход бодлогоор дэмжих саналыг танилцуулав.
ДҮГНЭЛТ БА ДАРААГИЙН АЛХАМ:
“Tech Week & ICT Forum 2025” нь Монголын ICT салбарын системийн асуудлуудыг тодорхойлон, шийдэлд чиглэсэн бодит үр дүнд хүрсэн арга хэмжээ байлаа.
Форумын хаалтын үеэр “ICT EXPO 2026” арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулахаар зарлаж, Монгол Улсын дижитал амбицыг илэрхийлсэн дараагийн том алхмыг эхлүүллээ.
Монгол Улс бол залуусын орон, чадварлаг үндэстэн бөгөөд энэхүү форум нь түүхий эдэд тулгуурласан эдийн засгаас технологид суурилсан ирээдүй рүү шилжих бодит боломж байгааг харуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.