🔴 Х.Булгантуяа: Парламент Үндсэн хууль зөрчсөн байвал ҮХЦ дүгнэлтээ гаргаж нотолно. Би хууль зөрчихгүй тул бүү санаа зов

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар зарим УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлж, тэр ч бүү хэл ҮХЦ-д хандаад байна.

Чуулганы хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дараах байр суурийг чуулганы индэр дээрээс илэрхийлэв.

Х.Булгантуяа: Д.Батлут нарын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг санал хураахдаа ТББХ-ны "Дэмжээгүй" гэх томъёоллоор санал хураавал Үндсэн хууль зөрчинө гэж ярьж байна. Хэрэв бид Үндсэн хууль зөрчсөн байвал ҮХЦ дүгнэлтээ гаргаж, УИХ хүлээн авах эсэхээ хэлэлцдэг. Түүнээс бус хэн нэгэн гишүүн, иргэн Үндсэн хууль зөрчсөн гэж ярьдаггүй. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, М.Энхболд дарга нарыг огцрох үед хуулийн салбарт ажиллаж байсан мундаг хуульч нар одоо ч ҮХЦ-д ажиллаж байгаа. Тэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг. Тэд яг ийм томъёоллоор санал хураалт явуулж байсан байна. УИХ-ын тамгын газраас ч надад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Би хуулийн дагуу санал хураалт явуулна. Би хуулийн дагуу ажиллана, бүү санаа зов. УИХ анх удаа Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцээгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.