🔴LIVE: ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугамд гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалт хийжээ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Учир нь Улаанбаатар хотын дийлэнх хэсэгт цагийн өмнө цахилгаан тасарсан юм.
Цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас 30 минутын өмнө тасарчээ. "Тасарсан шугам Орос талаас залгагдаад хэвийн байдалд орсон. Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан. Одоо тасарсан хэрэглэгчдийг буцаан залгаад дуусаж байна" гэж Эрчим хүчний сайд хэллээ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн:
-Ер нь эрчим хүч таслахгүйг хичээнэ. Бүр тасрахгүй гэх юм бол бүх хэрэглэгчийг нэг ба хоёр эх үүсвэрээс холбох ёстой болно. Өнөөдөр нийт хэрэглэгчдийн 95 хувь нь нэг эх үүсвэрээс холбоотой байгаа. Эх үүсвэр дээр гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан таслагдана. Гэмтэл гарах хооронд цахилгаан тасрах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хэрэглэгчдийг хоёр эх үүсвэрт холбоно гэвэл 10-20 тэрбум ам.долларын зардал гарна.
Бөөрөлжүүтийн 150МкВ-ын хоёрдугаар блок арваннэгдүгээр сардаа багтаад төрийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдохоор бүх бэлтгэлээ хийгээд явж байна. Сэлэнгэ аймгийн төвд хувийн компани 70МкВ-ын цахилгаан станц барьж байгаа. Цаад талын хугацаа нь 2026 оны хоёрдугаар сар гэхэд ашиглалтад орно.
ТЭЦ-3-т гарсан гэмтлийг засаад дуусаж байна. Удахгүй хэвийн болно. Цахилгаан дээр 35МкВ-ын дутагдал гарч байгаа. Үүнийг Бөөрөлжүүтийн хоёрдугаар блокоор нөхнө. Цаашилбал, БНХАУ-аас 80МкВ эрчим хүч авах техник холболт нь хийгдсэн байгаа.
V цахилгаан станцын тендерийг НЗДТГ зарлаж байгаа. Одоогоор "Ийм байгууллага тендерт шалгарлаа" гэх мэдээлэл ирээгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.