Б.Батбаатар: "COP17"-г амжилттай зохион байгуулснаар төсөл, санхүүжилтүүд татах бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улсад болох COP17 хурлын бэлтгэл ажил, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцлагыг "Өдрийн сонин"-д ярьснаас хэсэгчлэн хүргэе.
-Ирэх жил Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад болох гэж байна. Одоогийн байдлаар бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ?
-Энэ НҮБ-ын чуулган, хурал бол Монгол Улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтлын асуудлуудтай уялдуулан эх орныхоо ногоон хөгжил, байгаль орчны салбарт тулгамдаж буй хүндрэлүүдээ болон сайн туршлагуудаа дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх хамгийн том боломж юм. Монгол Улс 1996 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдэн орсон. Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг бөгөөд 2022 онд болсон 15 дугаар хурлын үеэр 2026 оны бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Бэлтгэл ажлын хувьд Засгийн газар 2025 оны эхээр Үндэсний хороог байгуулж, миний бие ахалж байгаа. Одоогоор дүрэм, журам, төлөвлөгөө, төсвийн нарийвчилсан зураглал бүрэн боловсруулагдаж, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийгдэж байгаа.
Дэлхийн 197 орныг нэгтгэдэг том хурал учраас бэлтгэл хангах хүрээнд олон ажил зэрэгцэн хийгдэж байна. Тухайлбал хурал зохион байгуулах, уулзалт хэлэлцээрүүд хийгдэх барилга, байгууламжуудыг барих асуудал. Энэ ажлыг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэж байна. Энэ жилдээ төлөвлөсөн суурь дэд бүтцийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаж байгаа. Ирэх жилээс түр байгууламжийг барих ажил эхэлнэ. Үүнийг дагаад зочид, төлөөлөгчдийг буулгах зочид буудал, хот дотор үйлчилгээ үзүүлэх унаа, тээврийн зохицуулалт гээд ажлууд ирэх жилээс хуваарийн дагуу хийгдэнэ.
Нөгөө талаар бодлого, төлөвлөлтийн асуудлууд бий. Бид өөрсдөө зохион байгуулж байгаа гэдэг утгаараа санаачлагатай оролцох нь чухал. Тийм ч учраас Талуудын 17 дугаар бага хурлыг салбар дундын зохицуулалттай олон асуудлыг хэлэлцүүлэх, шинэ санал, санаачилга гаргах, төрөөс бусад оролцогч нарыг дэмжсэн байдлаар зохион байгуулах зэрэг төлөвлөгөө гаргасан. Жишээ нь өмнөх хурлуудын туршлагаас харахад газрын менежментийг голчлон хэлэлцдэг энэ хурлыг өндөр агуулгатай, өргөн бүрэлдэхүүнтэйгээс гадна конвенцын гишүүн орнуудын зөвшилцөлд хүрэхгүй байгаа зарим асуудлуудыг шийдвэрлүүлэхэд анхаарах зэрэг бүтээн байгуулалтаас гадна бодлогын асуудлуудыг хурлын агуулгад шингээхийг зорьж байна.
Манай улсыг зохион байгуулалтад дэмжин туслаж ажиллахаа илэрхийлсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын байгууллагууд, засгийн газруудын тоо нэмэгдсээр байгаад үндэсний хорооны даргын хувьд баяртай байгаа. Зохион байгуулагчдын зүгээс Талуудын 17 дугаар бага хурлыг үндэсний хэмжээнд дамжуулах, мэдээлэл түгээх, сонирхсон оролцогчдод нээлттэй байлгах хүрээнд НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр нэмээд монголчуудад идэвхитэй оролцоог хангах зорилгоор монгол хэлрүү орчуулгатай явуулахаар түншлэгч талуудтай ярилцаж байна.
Монголдоо болон олон улсын хэмжээнд сурталчлах хүрээнд олон шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд санхүүжилт болон түншлэгч нартай ярилцаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо энэ ажилд чухал байгаа, мөн СОР17-гийн эргэн тойронд мэдээлэл түгээх хүрээнд бид сэтгүүлчдийг байгаль орчны талаар мэдлэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн.
-COP17 хурлыг зохион байгуулах нь манай улсын хувьд ямар бодит ач холбогдолтой вэ?
-Цөлжилттэй тэмцэх тухай конвенц, түүний талуудын бага хурлыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний хамгийн чухал талбар гэж үздэг маш олон улс, байгууллагууд байдаг. Мөн газартай холбогдож буй бүхий л салбар, чиглэлүүдэд энэ конвенц, хурал чухал. Энэ утгаараа зөвхөн байгаль орчны хурал биш, эдийн засгийн маш чухал боломжоос гадна Ногоон дипломат бодлогыг бэхжүүлэхэд өндөр ач холболгдолтой хурал гэж бид тодорхойлж байгаа. Цөлжилт, газрын доройтол бол зөвхөн экологийн асуудал биш-хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, иргэдийн амжиргаа, улс үндэстний хөгжил - эдийн засгийн бүтцэд шууд нөлөөлдөг асуудал.
Монголд энэ хурлыг зохион байгуулж дэлхийн анхаарлыг конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол зэрэгт хандуулна. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ.
Өмнөх хурлуудын туршлагаас харахад, ийм хэмжээний хурал дараа дараагийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг нь ач холбогдолтой юм билээ.
Жишээ нь, 2022 онд Баруун Африкийн Кот-д’Ивуар Улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8,000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Харин түүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна.
2024 онд Саудын Арабын Хаант Улс улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачилан 12 тэрбум долларын амлалтыг татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байна. Монголын хувьд COP17-ыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал, хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, санхүүжилтүүд татах бүрэн боломжтой гэж үзэж байна.
-Өмнөх COP-уудын үр дүнг харвал эдийн засгийн хувьд тодорхой ашиг бий болж байна. Монгол Улс энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?
-Яг тийм. Хурлын дараа хөрөнгө оруулалт, түншлэлүүд эрс нэмэгддэг. Турк, Кот-д’Ивуар, Нигер зэрэг улсуудын туршлагаас харахад, COP-ийн дараах гурван жилийн хугацаанд тухайн улс орнуудын байгаль орчны хөрөнгө оруулалт хоёр, зарим тохиолдолд гурав дахин өссөн байдаг. Манай улсын хувьд 10 доллар зарцуулаад 100 долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улс энэ боломжийг бодит болгохын тулд COP17-ийн үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын шүтэлцээ санаачилга” болон хувийн хэвшлийн салбарын оролцоотой Тогтвортой дэд бүцтийг хөгжүүлэхдээ байгальд суурилсан шийдлүүдийг ашиглахыг уриалах зорилготой санаачилгуудыг боловсруулж байна. Энэ нь зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежментийн шинэ бодлого гаргах эхлэл болно.
Товчхондоо хэлэхэд, COP17 бол манай улсын нэр хүндийн хурал төдийгүй, уур амьсгалын хөрөнгө оруулалтыг бодит эдийн засгийн өсөлт болгон хувиргах хаалга юм.
Бид байгалиа хамгаалахын зэрэгцээ шинэ төрлийн санхүүжилтийн урсгал, шинэ ажлын байр, шинэ боломжуудыг нээх гэж байна. Энэ бол Монгол Улсыг “ногоон хөгжил”-ийн бодит загварт шилжүүлэх түүхэн боломж гэж хэлж болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.