Г.Занданшатар талынхан кнопын эрэлд мухардав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч гишүүдийн ирц хүрэхгүй байна.
Өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын гишүүдээс гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Өглөө 8:30 цагт ТББХ-ны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжих" гэсэн томьёоллоор санал хураалгасан ч хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь татгалзаж, гурав нь зөвшөөрснөөс уг асуудал "унасан".
Одоо Байнгын хорооны саналын томьёоллоор чуулган дээр санал хураалгах дэгтэй. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй /126 гишүүнээс 48 нь ирсэн/ байгаа тул уг асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна.
Тодруулбал, Чуулганы нэгдсэн хуралдаанд "Ерөнхий сайдыг огцруулъя" гэх саналын томьёоллоор санал хураалгавал Д.Амарбаясгалан талын гишүүд багадаа 64 кноп бүрдүүлж байж санасандаа хүрэх байсан. Учир нь Үндсэн хуульд заасанчлан "Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг нийт гишүүдийн саналаар" гэж тодотгосон. Хэрэв чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах байсан бол Д.Амарбаясгалан талд ашиггүй.
Харин Байнгын хорооны томьёоллоор санал хураалгавал Г.Занданшатар талынхан багадаа 64 гишүүний кноп хүргэж байж Засгийн газрыг авч үлдэнэ. Гэвч энэ тоо хүрэхгүй байгаа бололтой. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй 36 гишүүн байгааг УИХ дахь МАН-ын албан бус бүлэг байгуулагдаж, гарын үсэг зурсан гишүүдээс харж болно. Тэдэн дээр Ардчилсан намын гишүүд дэмжлэг болох учиртай ч дөнгөж сая УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хийсэн мэдээллээр бол УИХ дахь АН-ын 45 гишүүн нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй гэдгээ батлав. Хувь хүний нууцийн тухай асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг нууцаар санал хурааж шийдэх тул өнгөн дээрээ зөвшөөрч байгаа ч ачир дээрээ эсрэг санал өгөх нэлээдгүй гишүүн байгаа тул ийнхүү парламент мухардалд оров.
Товчхондоо, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж эхэлбэл Г.Занданшатар талынхан ялагдах магадлал үүссэн гэсэн үг. Иймээс тэдний зүгээс асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхгүй, ядаж л цаг хожих талаар арга хэмжээ авч эхэллээ. Үүний тод жишээ нь дөнгөж сая чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд Ж.Батжаргал, Г.Дамдинням нарын гишүүд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад бичиг өгөөд чуулганы хуралдаанд суухгүйгээ илэрхийлж гарч явжээ.
Үндэслэл нь, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал Үндсэн Хуульд заасны дагуу тусгай дэгээр явах учиртай. Тэнд УИХ-ын нэгдсэн чуулганаар зөвхөн "Огцруулах" гэдэг томьёоллоор санал хураах тухай заасан. Гэтэл ТББХ дээр огцруулах саналыг зориуд "Дэмжихгүй" гэж унагаад нэгдсэн чуулган дээр ТББХ-ны саналыг "Дэмжье" гэдэг санал хураалт явуулах гэж зүтгэж байна гэжээ. Яг энэ асуудлаар одоо Г.Занданшатар талынхан кнопын эрэлд мухардаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.