102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр (2025.10.15) болжээ. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцсэн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээлсэн юм. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно. Ингэснээр иргэн бүр замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэж буйг НИТХ дарга А.Баяр онцолжээ.
Зургийн цомог



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.