Монгол Улс болон Оманы Султант Улсын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл болон COP17 Ажлын албаны дарга Д.Батмөнх Оманы Султант Улсын Байгаль орчны дэд сайд Сулиман Ал Акзами тэргүүтэй төлөөлөгчидтэй Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо техникийн уулзалт хийлээ.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессийн хуралд оролцож байгаа бөгөөд энэ үеэр байгаль орчны салбарын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь энэхүү уулзалт юм.

Тус уулзалт нь талуудын гурав дахь албан ёсны уулзалт бөгөөд газрын доройтлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт ба байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ба дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Мөн энэхүү уулзалтын хүрээнд талууд чадавх бэхжүүлэх, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх болон санхүүжилтийн шинэ боломжуудыг эрэлхийлэх талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой байдлаар бэхжүүлэх зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.
Хоёр улсын байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотод зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны ассамблейн VII чуулганы үеэр эцэслэн байгуулахаар тохиролцлоо.
Эх сурвалж: COP17 Зохион байгуулах Үндэсний хороо
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.