УЛС ТӨРИЙН ХАОС: Юун өвөлжилт, юун халаалт дулаан!

УЛС ТӨРИЙН ХАОС: Юун өвөлжилт, юун халаалт дулаан!

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлаар УИХ, Засгийн газар, улс төрийн намууд тэг дундуураа хуваагдсан байдал үргэлжилсээр байна. 

Эхлээд энэ гацааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг гаргана. Тэд хаанаа гарахаас асуудал шийдэгдэнэ гэх хүлээлттэй байсан ч АН-ын бүлгийнхэн ч хуваагдалд орж, нэг хэсэг нь УИХ-ын даргыг, нөгөө хэсэг нь Ерөнхий сайдыг дэмжсэн байдалтай байна.

Угтаа бол УИХ-ын үйл ажиллагаагаар удирдан зохион байгуулж, асуудлын гаргалгааг шийдэж болох атал УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн 34:34-өөрөө хоёр талд гараад суучихаад өдөр бүр ямар нэг мэдэгдэл хийдэг болжээ.

Өчигдөр Г.Занданшатарын талыг баримтлагч хэсэг гишүүн хуралдаж, бүлгийн даргыгаа огцруулснаа зарласан нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг дүр төрх үүсгэв. Гэтэл өнөөдөр 12:00 цагт бүлгийн дарга нь албан ёсны хурлаа зарлана гээд сууж байгаа.

УИХ-ын үйл ажиллагаа хурцдах хэмжээнд хүртлээ завхарсны нэг жишээ нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай бичгийг дэд дарга Б.Пүрэвдорж хүлээн авсан явдал.

Өнгөрсөн баасан гаригт хуралдаж байсан УИХ-ын ТББХ-ны хурал үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт завсарлаж даваа гарагт үргэлжлүүлэхээр болсон ч “…Ирц бүрдээгүй” тул хуралдаж чадаагүй өнгөрсөн. Энэ шалтаг байсан бололтой. Уржигдар өглөө хуралдсан ТББХ-ны хуралдаанд “…Өвчтэй” гээд ирээгүй УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж оройхон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огц­руулах гишүүдийн хүсэлтийг УИХ-ын дэд даргынхаа хувьд хүлээж авсан юм.  

“…Хөшигний ард Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох тохироо хийгдсэн” гэж өчигдөр улс төрийн хүрээнд битүү яригдав. Б.Пүрвдоржийн хувьд АН-аас нэр дэвшиж УИХ-д гурвантаа сонгогдоод, улмаар намынхаа квотоор УИХ-ын дэд дарга болсон

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Х хаягтаа пост оруулжээ. Тэрбээр, "З.Мэндсайхан анд аа, энэ үед би өрөөндөө байсан. Чи над руу залгаад энэ бичгийг өгье гэсэн бол би авалгүй яах вэ. Гишүүдийн саналыг хүндэтгэнэ. Хэд хоногийн өмнө чи гэнэт ирээд бичгээ туслахад үлдээсэн байсан. Гэтэл буцааж аваад дараа нь ингээд өргөн барьжээ. Бэргэж байгаа байх. Ойлгож байна аа" гэсэн байсан юм. 

УИХ хоёр дэд даргатай. АН-ын төлөөлөл Б.Пүрэвдорж, МАН-ын төлөөлөл Х.Булгантуяа байдаг гэдгийг дурдах нь илүүц биз. 

Хоёр тал хаашдаа учраа олж чадахааргүй хэмжээнд очиж, төрийн ажил гацаанд орсон тул нам дээрээ энэ асуудлаа ярилцъя, шийдье гэх санал хэсэг бүлэг хүнээс гарсан. Гэтэл өчигдөр тус намын генсек санаатай ч юм уу санаандгүй ч юм уу байдлаар хэвлэлийнхний өмнө гарч ирээд "Боломжгүй" гэх үг унагав. Тэрбээр, “…Заавал Удирдах зөвлөл хуралдаж байж, намын бүлэг хуралдана гэсэн ойлголт байхгүй. МАН-ын асуудал Тусгаар тогтнолын ордондоо явна. Огцруулах асуудал чуулган дээр явна. Намын дүрмээрээ би Удирдах зөвлөлийн хурал зарлах эрхгүй” гэлээ. 

Засгийн газрыг огцруулах эсэхийг баасан гаргийн чуулганаар хэлэлцэх товтой. Пүрэв гаргийн шөнө Ерөнхийлөгчийн багийнхан Монголд бууна. Чуулганы өмнө ТББХ хуралдаж шийдвэрээ гаргасан байх ёстой. Гэтэл одоо ТББХ хуралдах эсэх нь тодорхойгүй, чуулган дээр хэлэлцэх эсэх нь ойлгомжгүй, эрх баригч нам тэг дундуураа хуваагдсан, Ардчилсан нам дүлэгнэсэн байдалтай, ёстой л намын зовлон төрийн зовлон болж хувираад байна.

Юун хахир өвөл, юун халаалт дулаан, юун юмны үнэ өсөх... Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг нь болж байна даа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.