Засгийн газар парламентынхаа дээр гарчихлаа

Өнөөдрийн байдлаар улс төрд өрнөж буй үйл явцыг харвал гүйцэтгэх засалалын эрх мэдэл УИХ-ынхаа дээр гарчихлаа. Угтаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар энэ хоёр институцийн байр суурь яг эсрэгээрээ байх учиртай.
Гэвч төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байтал Засгийн газрын тэргүүн ч, сайд нар нь ч гүйцэтгэх засаглалын гишүүнээс давсан эрх мэдэл гаргаж, дүрэмгүй тоглож байна. МАН-ын даргын төлөөх зодооноос үүдсэн асуудлыг төрд чирж ирсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын дохио зангаагаар Монголын төрд ийнхүү эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, учир замбараагүй байдалд ороод байна. Ингэж хэлэхийн учир нь тэрбээр намын даргын өрсөлдөөнд ялагдсан даруйдаа өөрийн гарын хүн болох гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилж байгаад Д.Амарбаясгалантай “үзэлцэнэ” хэмээн Ерөнхий сайдын өрөөнөөс мэдэгдчихсэн нь ийнхүү төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байна.
Улмаар Ерөнхий сайдыг огцруулахаар олонхоор нэгдэж, гарын үсэг зурсан гишүүдийг айлган дарамтлахын зэрэгцээ УИХ-ын даргыг огцруулах бичгийг зөрүүлэн өргөн барьсан нь юмсын учир замбарааг алдагдуулаад хэд хонолоо.
Ганцхан жишээ татахад, УИХ-ын гишүүн-сайд нар нь Засгийн газартаа үлдэхийн тулд УИХ-ын даргыг огцруулах бичгийг УИХ-д хоёр ч удаа гардуулж өгсөн нь төрийн түүхэнд байгаагүй эмгэнэлт явдал болов.
Улмаар УИХ дахь сөрөг хүчний дарга нь Ерөнхий сайдыг огцруулбал УИХ-ын даргыг ч хамтад нь огцруулна хэмээн мэдэгдэж, хууль дүрэмгүй аашилж сууна. УИХ, Засгийн газарт талцал үүсэж, засаг төр дэнжигнэж байхад Монгол Улсын Төрийн тэргүүн кнопынх нь тоогоор шоглож, байнгын хорооны гишүүдийн сугалан гадаад томилолтод аваад явсан байх жишээний. Парламентад суудалтай ХҮН намын УИХ-ын гишүүн нь “Төрийн эргэлт хийх орон зайг бэлтгэж байна” гэж сануулж суух. Эцсийн дүндээ та бид Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын тал болж, хуулийн үндэслэл бус хоёр тал болж талцан хуваагдах зуур улс төр гэхээсээ төрийн эргэлт шахуу зүйл болоод хувирчихав уу гэлтэй нөхцөл үүсээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.