Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа.

С.Жайшанкар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буйд баяр хүргэж, үүнд Энэтхэгийн төр, засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч буйг тэмдэглэлээ.

565035219 1301288411325050 119420032496094927 n 1024x682

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ.

Түүнчлэн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцолж, сайд С.Жайшанкарыг комиссын энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран  ажиллаж ирсэнд талархалтай буйгаа тэмдэглэв.

565036865 1367520801557655 6856315747066195248 n 1024x682

Сайд С.Жайшанкар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн талаар Ерөнхийлөгчид танилцууллаа.

С.Жайшанкар нь Шинэ Делигийн их сургуулийг бакалавр, Жавхарлал Неругийн их сургуулийг олон улсын харилцааны магистр, докторын зэрэгтэй төгссөн.

Москва, Вашингтон, Коломбо, Будапешт, Токио дахь Элчин сайдын яаманд I, II, III нарийн бичгийн дарга, зөвлөх, дэд тэргүүн, Чех, Сингапур, БНХАУ, АНУ-д Элчин сайдын алба хашиж байсан.

2015-2018 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2019 онд сайдаар томилогдсон. Парламентын Дээд танхим Ражья Сабха-гийн гишүүн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.