“Гацуурт”-ын гэх тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой ч алт ухах гэж улайрсаар байна

“Гацуурт”-ын гэх тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой ч алт ухах гэж улайрсаар байна

УИХ-ын дарга асан, өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар, хууль тогтоогч асан Л.Элдэв-Очир нар 2016 оны сонгууль угтсан пиараа уугуул Баянхонгортоо явуулахдаа Галуут сум дахь алтны нэг бус аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж байсныг эл нутгийнхан сайн санаж буй.

Гэтэл тухайн үед хүчингүй болгож байсан 5-6 аж ахуйн нэгжийн ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрлийг шүүх сэргээчихсэн. Тэгж сэргээсэн нэг тусгай зөвшөөрөл нь “Гацуурт” ХХК-ийн эзэмшилд байсан, эдүгээ Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр хаанаас эх үүсвэртэй нь тодорхойгүй олон тэрбум төгрөгөөр худалдан авсан хэмээж буй Их тойруу (Их дугуй ч гэж нутгийн зарим иргэн нэрийддэг) гэх газар дахь ашиглалтын лиценз. “Алт-3” хөтөлбөр хэмээн Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрынхан байнга ярьж буй энэ үеийг алт олборлогчид овжин ашиглах болсон нь мэдээж. Тиймдээ ч хүчингүй болгуулсан тусгай зөвшөөрлийг сэргээлгээд, ухах гэж улайрч буй юм. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт 518.4 га талбайд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Археологийн судалгааны багийн эрдэмтдээр 2022 онд хийлгэсэн хайгуул, судалгааны үр дүнд хүрэл зэвсгийн болон Монголын эзэнт гүрний үед холбогдох, эвдэгдэж тоногдоогүй, чулуун дараас бүхий булш, оршуулгын 14 дурсгал илрүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ. Эдгээр дурсгал нь эртний хүмүүсийн ахуй амьдрал, нүүдлийн аж ахуй, тэдний ертөнцийг үзэх үзэл, оюун санаа, эдийн соёлын олон талыг тодруулан харуулах боломжтой түүхэн ач холбогдолтой дурсгалууд гэж археологичид дүгнэсэн байдаг. Нэгэнт соёлын өв байгааг нь тогтоосон бол лицензийг нь цуцлах ёстой.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.7-д “Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага цуцална” гэж заасан. Үүний дагуу АМГТГ-аас “Гацуурт” ХХК-ийн лицензийг цуцалсан ч шүүх сэргээчихсэн нь хачирхалтай. Магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй, мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн шүүгч дээрх хуулийн заалтыг үл ойшоон сэргээсэн болов уу гэх хардлага төрүүлж байна.

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАЛТАД АВЧ, ХЯНАЛТ ТАВИХ АЖЛАА ХИЙЖ БАЙНА УУ

Галуут сумын нутаг дахь алтыг ухаж авах гэсэн санаархал дахин сэргэх болсонтой холбоотойгоор нутгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж байв. Гэвч ямар нэг үр дүнд хүрч чадаагүй гэхэд болно. Галуутын нутагт алт ухах гэж буй “Гацуурт”-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар нутгийн иргэд, “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллага (ТББ)-ынхан идэвхтэй хөөцөлдөж, холбогдох байгууллагад ханддаг ч дорвитой арга хэмжээ авхуулж, түүх, соёлын үл хөдлөх 14 дурсгал бүхий газарт олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадахгүй байгаа нь харамсалтай. Дээрх ТББ-ынхан 2024 оны зургаадугаар сарын 11-нд тухайн үеийн Соёлын сайд Чинбатын Номинд хандаж “Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг, Их тойруу гэдэг газар, Бөөн цагаан нуур, Байдраг голын сав болох Өлзий голын хамгаалалтын бүсэд “Гацуурт” ХХК нь 2006 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ талбайд судалгаа хийсэн ШУТИС-ийн эрдэмтэд 14 тооны дурсгал илрүүлсэн. Үндсэн хуулийн 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Иймд Соёлын сайд та соёлын үнэт өв, аялал жуулчлалын хосгүй дурсгалыг хамгаалах арга хэмжээг авч, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар арга хэмжээ авна уу” гэсэн хүсэлт хүргүүлж байжээ. Үүнийг тухайн үеийн Соёлын яамныхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт хаяглан 2024 оны долоодугаар сарын 3-нд шилжүүлсэн аж. Тэр үеийн Соёлын дэд сайд П.Баттөрийн гарын үсэгтэй албан бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.7-д “Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай заасан байх тул түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдал болон орчны аюулгүй байдлыг хангах, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах хүрээнд дээрх нөхцөл байдал үүссэн, эсэхийг нягтлан шалгаж, шаардлагатай бол холбогдох хуульд заасан арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна” гэжээ. Эдгээр албан бичигт нь үндэслээд АМГТГ-ын даргын 242 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Энэ тухай ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдоржийн гарын үсэгтэй “Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг, Их тойруу нэртэй MY-022419 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хүрэл зэвсгийн болон Монголын эзэнт гүрний үед хамаарах 14 түүх, соёлын үл хөдлөх дурсгал илэрсэнтэй холбоотойгоор “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББ-аас АМГТГ-т хүсэлт гаргаж, дээрх тусгай зөвшөөрлийг 2024 оны зургаадугаар сарын 11-ний 242 дугаар тогтоолоор цуцалсан тухай мэдээллийг тус яаманд ирүүлсэн. Иймд дээр дурдсан 14 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллана уу” гэсэн албан бичгийн тус аймгийн Соёл урлагийн газрын дарга Б.Пүрэвдагвад хүргүүлжээ. Үүний дагуу Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газраас Галуут сумын удирдлагад Их дугуй гэх газраас олдсон үл хөдлөх 14 дурсгалыг бүртгэл мэдээллийн сандаа бүртгэхийг даалгасан албан бичиг энэ оны тавдугаар сард хүргүүлсэн аж. Харамсалтай нь, Галуут сумын удирдлага яам, холбогдох албанаас ирүүлсэн албан бичгийг үл ойшоон уурхай ажиллах газрыг олгохоор Газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгуулчихсан талаар бид мэдээлсэн билээ.

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭМЭЭН ШАЛГУУЛАХ ГЭСЭН Ч ПРОКУРОР НЬ ХААЖЭЭ

АМГТГ-аас MY-022419 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хүрэл зэвсгийн болон Монголын эзэнт гүрний үед хамаарах 14 түүх, соёлын үл хөдлөх дурсгал илэрсэнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсан байхад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн хуулиас дээгүүр давсан шийдвэр гаргаж, “Гацуурт”-ын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан шийдвэрийг хүчингүй болгочихсон байгаа юм. Шүүгч Н.Дамдинсүрэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д заасан эрх мэдлээ хэрэгжүүлж, нотлох баримт цуглуулах үүднээс археологийн судалгаа хийсэн эрдэмтэд, тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар нэхэмжлэл гаргагч ТББ-ынхан, ашиг сонирхол нь хөндөгдөж буй орон нутгийн иргэдийг байлцуулан Галуутын нутагт очиж түүх, соёлын 14 үл хөдлөх дурсгалтай танилцсаныхаа дараа шийдвэр гаргаж болох л байсан. АМГТГ-ынхан давж заалдаагүй учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр гэгч идэвхтэй хөөцөлдөн Газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөө батлуулан уурхай ажиллах газар гаргуулчихаад буй.

Харамсалтай нь, Баянхонгор аймгийн Морин спорт, уяачдын, Волейболын, Галуут сумын залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалд ажилладаг, Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр өнгө, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн бололтой. “Тэрбээр өмнө нь “Гацуурт”-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулах гэж ард иргэдтэйгээ хамтран тэмцэж явсан нэгэн бөгөөд 2022 оноос гэнэт хувирч, Үнэгт багийн Иргэдийн нийтийн хурлаар уурхайн үйл ажиллагаа явуулахыг дэмжүүлсэн шийдвэр гаргуулахаар идэвхтэй оролцох болсон” хэмээн хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ нэгэн иргэн тодотгосон байх юм. Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр “Гацуурт”-ын Л.Чинбатаас тусгай зөвшөөрлийг нь хоёр тэрбум төгрөгөөр худалдан авсан хэмээн ярьдаг. Үүнийг нь нутгийн иргэд шалгуулахаар АТГ-ын Баянхонгор аймаг хариуцан суудаг мөрдөгчид гомдол гаргажээ. Түүний худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр, үүнийг шударгаар олж авсан уу гэдгийг тогтоолгохоор хандсан ч мөрдөгч, комиссар Б.Цэвээндорж болон тус аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэн нар энэ оны наймдугаар сарын 19-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тогтоол гаргасан байх юм. Үүнийг орон нутгийн иргэд “Гомдол мэдээлэл, хэргийг бүх талаас нь нарийвчлан бодитой шалгах ажлаа хангалтгүй хийж, мөнгөтэй хүний талд үйлчилсэн шийдвэр гаргалаа” хэмээж буй. Б.Анхбаяр найз нөхдөөсөө зээлж, Б.Билгүүн гэгчээр дамжуулан Л.Чинбаттай уулзан, хоёр тэрбум төгрөгөөр лицензийг нь авсан гэх мэдүүлэгт нутгийн иргэд итгэхгүй байгаа бололтой. Уг нь нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-тээ зээл, авлагаа бүгдийг нь тусгах ёстой. Гэвч “Гацуурт”-аас тусгай зөвшөөрлийг нь худалдаж авсан гэх Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч Бадамсанаагийн Анхбаяр ХАСХОМ-тээ хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, зээл зэргээ бөглөөгүй байна. Тэрбээр 2024 оны аравдугаар сарын 27-нд мэдүүлгээ шинэчлэн гаргасан ч энэ талаар тусгаагүй нь АТГ-ынхан, тэр дундаа Баянхонгор аймаг хариуцсан мөрдөгч, комиссар Б.Цэвээндорж шалгах ёстой л зүйл баймаар юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.