"Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” сургалт боллоо

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” сэдэвт сургалтыг 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа. Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газар, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон үндэсний арьс шир боловсруулах үйлдвэрлэгчид хамтран зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Хэнтий аймгийн 16 сум, 5 тосгоны хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршооны төлөөлөл оролцлоо. Сургалтын үеэр оролцогчдод арьс, ширний анхан шатны боловсруулалт, хадгалалт, ангилал, чанарын үнэлгээний талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгч, зөвлөмж өглөө.
Түүнчлэн арьс ширний үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэгчдийг түүхий эдээр тасралтгүй хангах, хөдөө аж ахуйн биржийн арилжааны боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнөв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөл “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь арьс, шир, ноос, ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, боловсруулах үйлдвэрлэлийн сүлжээг бэхжүүлэх зорилготой болохыг онцоллоо.
Сургалтад хамрагдсан оролцогчид орон нутагт арьс ширний түүхий эдийн бэлтгэл, хадгалалт, ангиллын ажлыг сайжруулах, чанар стандартын шаардлага хангах талаар шинэ туршлага судалж, салбарын байгууллагуудтай уялдаа холбоогоо өргөжүүлэх боломж бүрдсэн гэж онцолж байв.
“Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” сургалт нь аймаг, орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, арьс ширний түүхий эдийн чанар, үнэлгээг сайжруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дотоодын түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Зургийн цомог



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.