🔴П.Наранбаяр: Багш нар ажил хаях юм бол боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ шүү

Багш нар үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр шат дараатай тэмцэж буй. Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Ингэхдээ багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон байдаг.

Тэгвэл багш нар 10 дугаар сарын 15-наас улс даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэж, эцэг эхчүүдэд хүүхдүүдээ харах зохицуулалтаа урьдчилан төлөвлөхийг анхааруулж байна хэмээсэн юм. Харин Боловсролын сайд П.Наранбаяр "10 дугаар сарын 15-нд болох багш нарын ажил хаялт бол хууль бус ажил хаялт" хэмээн өнөөдөр дараах мэдээллийг хийлээ.

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:

-МБШУҮЭХ-ноос аравдугаар сарын 9-нд багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэ гэсэн шаардлага биелүүлэхгүй байгаа тул аравдугаар сарын 15, 16-наас ажил хаяна гэсэн мэдэгдэл ирүүлсэн.

Цалин нэмэх дээр дэмжиж байгаа. Төсөвт 100 тэрбум төгрөг суулгасан байсан дээрээ нэмье гэсэн. Ерөнхий сайдын зүгээс нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалин нэг сая 850 мянган төгрөг болгоё гэсэн нь одоогийн цалингаас 25 хувь нэмэгдэж байгаа дүн юм. Мөн долдугаар сараас төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая төгрөг, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллахаар болсон. Гэвч Үйлдвэрчний эвлэлээс шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, ажил хаях мэдэгдэл ирүүлсэн нь харамсалтай.

Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаагүй, хүнд нөхцөл байдлыг далимдуулж улс төр хийж байна гэж үзэхээс өөр арга алга. Эрх баригч нам дотроо хагарч, УИХ, Засгийн газар ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед улстөржиж байна гэж харж байгаа.

Иймд үйлдвэрчний эвлэл тавьсан шаардлагаа харж үзээч. Цалин нэмэх тал дээр адилхан байр суурьтай байгаа. Бие биенээ дэмжээд явж болно. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ярилцаад шийдвэрлээд явъя. 

Хөдөлмөрийн арбитр байгуулах тухай тогтоол өнөөдөр ирсэн. Ажил хаялт гэдэг бол хамгийн эцсийн арга хэмжээ. Хөдөлмөрийн хууль зөрчсөн арга хэмжээнд Монголын багш нарыг оруулбал Үйлдвэрчний эвлэлийн хороо өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ. Ажил хаях юм бол боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ шүү.

2026 оны төсөв дээр багш нарын цалинг шууд 3.5 сая төгрөгт хүргэ гэж байгаа юм. Багшийн үндсэн цалинд жилд 2.8 их наяд төгрөг зарцуулдаг. 94 мянган хүн энэ салбарт ажилладаг. 2.8 их наяд төгрөг дээр нэмж 3.3 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр байснаар 3.5 сая төгрөгийн үндсэн цалинг өгөх боломжтой болно. Цалин нэмэхийн төлөө явж байгаа ч санхүүгийн эх үүсвэрээ нарийн тооцох хэрэгтэй. Боломжгүй шаардлага тавиад байгаа нь буруу. Багш нарын эсрэг биш, үйлдвэрчний эвлэлийг буруу удирдаж байгаа удирдлагыг шүүмжилж байгаа гэв.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ДАшням 5 цаг өмнө
Автобусны жолооч тохижилт үйлчиогээнний ажилчид ус сувгийнхан гурван сая таван зуу авч байхад багш нар яагаад авч болохгүй гэж тийм цалин өгч чадахгүй бол сайд та ажлаа нэн даруй өг ч тус болоорой багш нарт
АРД 3 цаг өмнө
боловсрол ч яамай. өлөн хоосон багш нар яаж хүүхэд сургах вэ гэж бодоод тэр шаардаад байгаа мөнгийг нь нүрсний хулгайчдаасаа аваад өгвөл боловсролыг түүх байтугай улсын түүхэнд гэрэлт хуудсууд нээгдэнэ.