🔴 Ц.Сандаг-Очир: Монгол төрийн засгийн газрын тэргүүн барууны хэвлэлд гарсан нэг мэдээллээр асуудалд хандаж байна
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд эхэлж, байнгын хорооны гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.
ТББХ-ын дарга Ц.Сандаг-Очир: 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад асар том эрх мэдэл өгсөн. Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлөх эрх өгсөн. Та 115 хоногийн өмнө хулгайтай тэмцье гэж байсан бол тухайн үед нь Б.Энхбаяр гишүүнийг хууль зүйн сайдаар томилж болоогүй юм бэ? Яагаад МАН-ын даргын өрсөлдөөн явагдаж байх энэ үед одоо байгаа сайддаа хэлэхгүй, нэг өдөр өрөөндөө мэдэгдэл хийв? Та мэдэгдэлдээ, Д.Амарбаясгалан дарга нүүрсний хулгайтай холбоотой байсан байна гэж ярьсан. Танд одоо нотлох, харуулах баримт байна уу?УИХ-ны даргаар 5-6 жил ажилласан хүн хуулиа маш сайн мэдэж байгаа хүн. УИх-ын даргыгаа яагаад хэрэг үүсгэж, хэрэгт шалгаагүй байхад ингэж хэлэв. Энэ хууль зүйд нийцэх үү. Бортээгийн уурхайн лиценз хэнд байгаа вэ? Д.Амарбаясгалан даргад байна уу хэнд байна. Энэ уурхайгаас хэдэн тонн нүүрс гарч, хэн хохирсон бэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Ерөнхий сайдад онцгой бүрэн эрх олгосон. Би мөрдөн байцаах ажиллагааны талаар сайн мэдэхгүй. Ганцхан баримт хэлье. 2023.09.16-ны өдөр Герман улсын нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Амарбаясгалан даргатай холбоотой ноцтой авлигалын мэдээлэл цацагдсан. Барууны хэвлэлээр хэн нэгнийг үндэслэлгүйгээр гүтгэдэггүй. Яагаад одоо болтол энэ мэдээлэлд няцаалт өгөөгүй юм бэ. Нэр холбогдлоо л гэж би хэлсэн. шалгуулж, нэрээ цэвэрлэх ёстой гэж үздэг УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэм юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Тагнуулын байгууллагаас "Гадны төлбөртэй сайтуудад 50 гаруй мянган доллар төлж, олон сайтаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан" гэх шинжээчийн дүгнэлт гаргасан. Хэн үүнийг хийсэн талаар Тагнуулын байгууллага өнөөдрийг хүртэл надад хэлсэнгүй. Удаашралтай ажиллаж байна. Монголоос зориудаар нэр хүндэд халдаж, гадны сайтад гарсан мэтээр Монголын хэвлэл мэдээллээр мэдээлэл цацах ажиллагаа гэдэг нь нотлогдсон. Барим тавин худал ярихаа боль. Ямар зохион байгуулалтаар хэн хийгдгийг олон түмэн харж байгаа байлгүй дээ. Бортээгийн ордын лицензийг намайг эзэмшдэг мэтээр хэвлэл мэдээллийг хэрэгслээр удаа дараа намайг гүтгэсэн. Гэтэл ЭТТ ХК дээр тэр лиценз нь байгааг өөрсдөө хэлсэн. Баримт нотолгоо ярих байтал хүний нэр төрд Та өөрөө ингэж хандаж байгааг эрс эсэргүүцэж байна. Одоо болих цаг болсон биш үү.
ТББХ-ын дарга Ц.Сандаг-Очир: Монгол төрийн засгийн газрын тэргүүн барууны хэвлэлд гарсан нэг мэдээллээр асуудалд хандаж байна. Нотлох баримт байна уу гэж би асуусан. Таны хариулт энэ юм байна л даа. Оффтейк гэрээг өчигдөр та зарлаад байх шиг байна. Яг үнэндээ 2023 онд Нүүрсний сонсголоор ил болчихсон гэрээнүүд шүү дээ. Та ҮАБЗ-ийн нэг гишүүн байсны хувьд та хариултыг мэдэхийн дээдээр мэдэж байж өнөөдөр булзааруулж байна. Тийм олон сая долларын нүүрсийг хэн гаргасан нь эзэн биегүй болж байна. Битгий бөөрөнхийлөөд байгаач ээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Би зөвхөн сайтын мэдээлэл хэлээгүй. Нүүрсний сонсголын үеэр Түр хорооноос шалгуулах шаардлагатай гэх дүгнэлт гарсан. Хэдийгээр тэр лиценз төрийн мэдэлд шилжсэн ч баригдсан үйлдвэр нь хувийн эзэмшилд байгаа шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.