🔴LIVE: О.Саранчулуун: Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ямар ч ээлгүй хандаж байна
Эмч, эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгох, нийгмийн асуудлыг нь анхаарахыг шаардан өчигдөр төв талбайд жагссан билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-"Монгол Улс өвчлөлөөрөө өндөр байна" гэсэн статистикийг зөндөө гаргаж ирдэг мөртлөө тэрнийх нь бүх ачааллыг үүрч байгаа эрүүл мэндийн салбар луу чиглэсэн хүний нөөцийн бодлогоо хайхрахгүй байна гэдэг чинь Засгийн газар ямар хариуцлагагүй байгааг харуулж байна. Эрүүл мэндийн салбарын хэлж байгаа цалин бол дундаж дүн. Энэ салбарт ганцхан эмч нар байдаггүй. Сувилагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөлгөөн засагч, уламжлалт, сэргээн засахын мэргэжилтнүүд байгаа. Тэд нарын цалин бүр 1.3, 1.2 сая төгрөг байгаа. Дундаас нь бүх юм хасагдахаар хүн гар дээрээ 500-600 мянган төгрөг л авч байгаа. Тэгсэн хэр нь тэд нар өглөөнөөс орой хүртэл, заримдаа ажиллах хүч, ээлж байхгүй болохоор тултал ажилладаг. Тэгэхээр хүн жагсахгүй яадаг юм бэ!
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх маш боломжтой. Боломжийг яаж гаргаж ирэх ёстой вэ гэхээр, тэр уул уурхайн хариуцлагагүй гэрээнүүд, үрээд байгаа зардлынхаа эрэмбэ дарааллыг тогтоох ёстой. Өнөөдөр хүнийг эмчилж байгаа эрүүл мэндийн салбар, хүүхдүүдийг сургаж байгаа багш нар, ядарсан ахмадуудын асуудлыг анхаарахгүй юм бол "Бид нар хүний эрхийн төлөө юм хийж байна" гэж яриад хэрэггүй.
Бодлогын түвшний хүмүүс өөрсдөө хөгжлийн бэрхшээл, хүний эрүүл мэндийн асуудлуудад сэтгэлгүй, хандлага дутуу байгаа нь хамгийн том бэрхшээл байна. Нүүр тулж харьцахад өнгөц зүйл хийгээд, эргээд боловсруулж ирж байгаа бодлогын баримт бичиг дотор нь тэр нь харагдахгүй байна гэдэг бол сэтгэлгүй байгаагийн илрэл. Одоо л энийг ярихгүй бол миний дараагийн хэчнээн ч гишүүн яриад, юу ч өөрчлөгдөхгүй. Ирээдүйд өргөн барих Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Саадгүй байдлын хууль ерөөсөө хэрэгжихгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.