Г.Занданшатар: Төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэхэд тууштай анхаарч ажиллаж байна

Г.Занданшатар: Төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэхэд тууштай анхаарч ажиллаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус салбарынхан  “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” уриатай цуглаан Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал олон байгаа ч Ерөнхий сайдад тавьж буй шаардлагадаа гурван асуудал хөндсөнөө хэллээ. Тэд салбарын ажилтнуудын үндсэн цалинг гурван сая 500 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүргэх, эмнэлгүүдийн урсгал зардал болон эмч, ажилтнуудын ажлын иж бүрэн хувцасны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг шаардлагадаа дурджээ. 

viber image 2025 10 09 15 58 40 071

Ерөнхий сайд уулзалтад оролцсон эмч, ажилтнууд, эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, гишүүдийн санал хүсэлтийг сонслоо. 

Цалин бага, хүний нөөц дутагдалтай учраас эмч, сувилагч нар ачаалал ихтэй, илүү цагаар ажиллаж байна, эмнэлгүүд эмийн өртэй, эм тариагаа авч чадахгүй байгаагаас иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй, иргэд, өвчтөнүүд бухимдалтай байна. Гүйцэтгэлийн санхүүжилт алдагдсан. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй байна. Тэтгэмжийг хоёр хувааж олгохыг эсэргүүцэж байгаагаа ахмад эмч, ажилтнууд илэрхийлжээ. Орон нутагт ажиллаж, амьдрах орчин тааруу учир залуу эмч, мэргэжилтнүүд очихгүй байна. Цалин бага учраас эрүүл мэндийн салбарт ажиллагчид банкны зээлийн шаардлага хангахгүй байна зэрэг асуудлыг хөндлөө.

viber image 2025 10 09 15 58 51 669

Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын шаардлагыг хүлээн авч  байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн төлөө цуглаан зохион байгуулж, ажил хэрэгч санал тавьж буй тэдэнд талархаж байна гэв. Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлээд хамтарсан Ажлын хэсэг байгуулж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хамтарч ажиллаж, хяналт тавихыг хүслээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийг нэн яаралтай шинэчилж, бие даасан, шударга систем бий болгох нь зүйтэй. Цалин нэмэх асуудлаар Сангийн яамны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллаж, бодит боломжоо ярилцан, гарц шийдэл хайхыг үүрэг болголоо. 

viber image 2025 10 09 15 58 45 657

Засгийн газраас эрүүл, мэнд боловсролын салбарт хийж буй бодлого, үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд товч танилцуулаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жилээр зарлахаар төлөвлөж буйг хэллээ. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэхэд тууштай анхаарч ажиллаж байна. Иргэдийн татварын дарамтыг бууруулж, орлогыг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо. “Орон сууцны санхүүжилтийн банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжид багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байгааг хэллээ.

viber image 2025 10 09 15 58 46 382

viber image 2025 10 09 15 58 53 135

viber image 2025 10 09 15 58 43 351

viber image 2025 10 09 15 58 50 929

viber image 2025 10 09 15 58 36 907

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.