🔴LIVE: Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд Д.Амарбаясгаланг ямар ч баримтгүйгээр буруутгаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ш.Алтангадасаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Өмгөөлөгч Ш.Алтангадас:
-Одоогоор шүүхэд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан асуудлаар нэхэмжлэлээ өгчихсөн явж байна. Илт худал болохыг нь тогтоолгоод, тараасан арга хэлбэрээр нь няцаалт өгүүлэхийг шаардсан агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүх энэ долоо хоногийн сүүл гэхэд нэхэмжлэлийг хүлээж аваад, хэрэг үүсгэх эсэхээ шийднэ. Хэвлэл мэдээллээр нэлээд түгсэн бүх асуудал дээр 2023 оноос хойш тодорхой няцаалтуудыг хийгээд, албан ёсны эх сурвалжаас нь баримттайгаар тайлбар, нотлох баримтуудыг гаргаж тавьсан боловч олон нийтэд ийм мэдээлэл цацагдсаар байгаа учир яг цацаад байгаа эх сурвалж болох Б.Энхбаяр гишүүнийг "Энэ асуудлаа тодруул" гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Манай улсын иргэний эрх зүйд худал мэдээлэл тараасан этгээд мэдээллийнхээ үнэн зөвийг өөрөө нотлох үүрэгтэй байдаг.
2024 оны хоёрдугаар сард СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр албан ёсны шүүхийн шийдвэр гараад, одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа. Шүүхээр нэгэнт тогтоогдсон асуудал дээр олон нийтэд мэдээллийг төөрөгдүүлж цацаад байгаа зарим гишүүн УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн хүрээнд албан ёсны баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ цацах, мөн бусдыг гутаан доромжилсон, төөрөгдүүлсэн мэдээлэл цацахыг хориглоно гэсэн үүргээ зөрчиж байна. Ямар ч баримт, үндэслэлгүйгээр "Нийтэд ийм мэдээлэл байгаа учраас энийгээ шалгуул" гэсэн агуулгаар явж байгаа нь хууль зүйн хувьд огт боломжгүй асуудал.
Нэгэнт гишүүд мэдээлэл гаргаж байгаа бол яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өгчхөөд байгаа нэхэмжлэл дээр Б.Энхбаяр гишүүн холбогдох тайлбараа өгөөд, цааш явах ёстой. Гэтэл "Өөрөө очоод шалгуул" гэдэг бол Үндсэн хуульд заасан "Өөрөө өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх", "Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй" зэрэг олон агуулга зөрчигдөх нөхцөл үүсэж байна. Дэлхийн аль ч улсад нэгэн агуулга, утгын дагуу хэрэгждэг хуулийн онцгой зарчмыг УИХ-ын гишүүд, бүр Хууль зүйн сайд байсан хүн нь өөрөө зөрчинө гэдэг бол алдаатай л нөхцөл байдал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.