АН-ын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар болжээ

АН-ын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар болжээ

“…Москва найтаахад Монгол  ханиадаг” гэх социализмын үеийн үг бий. Тэр үед тийм байхаас өөр аргагүй л дээ. Одоо ч бараг тэр хэвээрээ байна. Эрчим хүч, бензин шатахуун дээр найтаахад нь л ханиах байтугай халуурдаг. Үүн шиг, МАН-д зодоон болсон чинь АН-ынхан дагаад барьцалдаад авчээ. Хэрүүлийн алим нь МАН бөгөөд тэдний талцалд АН-ынхан татагдаж орсноос асуудал үүсээд байгаа юм.

Тодруулбал “…Манай нам өөрийнхөө хамтарсан Засгийн газрыг огцруулчихаад МАН-ын Засгийн газрыг яагаад хамгаалаад байгаа юм бэ” гэдэг асуултыг намынхаа удирдлагуудад тавиад эхэлжээ. Улмаар, УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр хүртэл нэр бүхий гишүүд нь “…Засгийн газрыг авч үлдэх хэрэгтэй” гэж ярьсан байна. Энэ бүхэн АН-ын УИХ дахь хийгээд жирийн гишүүдийнх нь нүдийг орой дээр нь гаргах шахаад байна. Ер нь бол АН-д “…Намын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар болсон. Дагуулж давхиад болохоо болилоо. МАН-ынхан яалаа гэж манай намын даргыг УИХ-ын дарга болгох вэ дээ. Бас засагтаа хамтарна гэдэг худлаа шүү дэн. Арайхийж эвлэж байгаа намыг ахиад самрах гэж байна” гэцгээгээд сүйд д болж байна. Энэ нь АН-ын дотоод чаатууд дээрх хэрүүл уруулаас ч тодорхой харагдаж байгаа юм.

Мөн, хуучны хашир гишүүд нь ч үг, зөвлөгөө хэлээд эхэлсэн байна. Хотын дарга асан Э.Бат-Үүл хүртэл сандарч 2025 оны есдүгээр сарын 6-нд  цахим хуудастаа “…Намын дарга О.Цогтгэрэл сөрөг хүчний удирдагч гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. МАН-ынхан бие биеэ унагахаар орж ирж байгаа бүх асуудлыг дэмж. Д.Амарбаясгаланг унагах гэж байгаа бол шууд кнопд, Г.Занданшатарыг огцруулж байгаа бол шууд кнопд. МАН-ыг “эмчлэх” гэж тэнэгтэв ээ” гэж зөвлөсөн. Мөн, өчигдөр “…Намын дарга О.Цогтгэрэл минь ээ, бурхан минь, сөрөг хүчний удирдагч шиг чанга байгаач ээ. Дөнгөж илааршиж эхэлж бхйсан нам маань МАН-аас халдвар аваад "хагарах" өвчин нь эргэж сэдрэх гээд байна шүү дээ.

Олонх чинь өөрсдөө бид засаглаж чадахгүй байна гэсээр Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нараа өргөн бариад орж ирж байхад "…Та нар чадна,засагла" гэж санал өгөх эргүүтсэн гишүүд,сөрөг хүчний манай намын бүлгээс гарч ирэх гээд байна шүү дээ. Арай ч дээ” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн  асан Д.Ганхуяг “…УИХ дахь АН-ын бүлэг иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж хүчтэй сөрөг хүчний байр сууринд байх нь зөв байна. Нийгмийн энэ мухардсан байдал нь манай намыг түүхэн үүргээ гүйцэтгэхийг тодотгон сануулж байна” гэсэн. УИХ-ын гишүүн  асан Р.Бадамдамдин “…Өнөөдрийн МАН-ын зодоон жам ёсоороо л явж байна. Харин АН-ын хувьд олон улсын геополитик ийм эгзэгтэй үед хөрш орнуудын бодлогыг сайтар анзаараарай. АН Үндсэн хуулиа хамгаалах тал дээр баттай зогсоорой. Эв нэгдэлтэй байгаарай” гэжээ. ЕТГ-ын дарга асан Д.Баттулга “…АН-ынхан минь нэгдмэл байр суурь дээрээ хамт байгаарай. Бүлгийн шийдвэр гарсан л бол та бүхэн маань дотоод асуудлаа нухацтай бодож намынхаа бодлогыг барьж шийдвэр гаргаарай. Надад өөр бодолтой байсан ч намынхаа  төлөө шийдвэр гаргаад явсан олон жишээ бий. Тэглээ гээд би алдаагүй. 1996-2000 онд МАН /үеийн МАХН/ биднээр яаж тоглож байсан билээ” хэмээн сануулжээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7687)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.