Ж.Чинбүрэн сайд дүүргийн эмнэлгүүдэд хандаж "Луйвар хийж, худал нэхэмжлэх бичихээ боль" хэмээв

ЭМД-ийн сан хоосорсон гэх шалтгааны улмаас дүүргийн эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон талаар өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нар мэдээлэл өгсөн.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж бид Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодруулж асуулаа. Тэрбээр, Яаралтай, амь тулсан үеийн тусламж үйлчилгээний санхүүжилт зогсоогүй байгаа шүү. Шаардлагагүй хэвтэлт, хүлээж болохуйц төлөвлөгөөт эмчилгээнүүдэд л гэхээс бусад эмчилгээнд ямар нэг хязгаарлалт тавиагүй.
Эмч эмнэлгийн ажилчид ажил хаях талаар цахим орчноос мэдээлэл авч байна. Эмч ажилчдын үйлдвэрчний эвлэлийн өөрсдийн эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил. Санхүүгийн сахилга бат маш чухал. "Жил тойроод дараа жил нь авчихдаг юм" гээд өрийн гинжин хэлхээ үүсгээд байна. 67 мянган эмч эмнэлгийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэхэд 120 тэрбум төгрөг хэрэгтэй. "Өө яадын" гэх гинжин хэлхээ үүсч, луйвар явж байна. Шалгалт аудит хийнэ. 2025 онд өргүй болгоод хуваарилалт хийж өгөхөд дахиад өр үүсгэж байна. Энэ бол зохион байгуулалттай ажил. Санхүүгийн сахилга баттай больё, худал нэхэмжлэх бичихээ больё гэж байгаа юм гэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн энэхүү тайлбарын хариуд дүүргийн эмнэлэгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлж буй өвчтөнгүүд ямар байр суурьтай байгаа талаар бид тодрууллаа.
СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн даатгалын эмч Г.Сүмбэр:
-2025.03.07-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 4 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлсэн. Үүгээр бол эмнэлэгт үзүүлж буй бүх тусламж үйлчилгээг цочмог, архаг, төлөвлөгөөт гэж ангилж, тоо хэмжээ тавьж өгч, он дуустал гэрээлсэн байгаа.
Цочмог, төлөвлөгөөт тусламжийг 80-100 хувь санхүүжүүлнэ, архаг өвчлөлийг санхүүжүүлэхгүй. Гэхдээ өмнөх сарын санхүүжилтээс хэтэрсэн тохиолдолд дараагийн сар руу шилжинэ гэх гэрээ хийсэн ч сая аравдугаар сарын 01-нд гэнэт систем дээр гэрээлсэн тоо хэмжээг 20 хувиар бууруулж орж ирсэн. Өмнөх төсөв ч манай дүүргийн хэмжээнд хангалтгүй байсан. Бид хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ч хүлээн авсангүй. Одоогийн байдлаар цочмог тусламж үйлчилгээний зардал 20 хувиар буурахаар манай эмнэлэгт хүүхдийн өвчлөл ихсэж байгаа энэ үед зааж өгсөн үйлчилгээ нь талдаа орчихсон явж байна. Үүнд яаралтай тусламж, хүүхдийн тусламж үйлчилгээ, яаралтай хагалгаа гэх мэт бүх үйлчилгээ тасалдах нөхцөл байдал үүслээ. Тухайн сарынхаа тавьж өгсөн төсөвтөө л тааруулж тусламж үйлчилгээ үзүүл гэсэн. Нэмж үйлчилгээ үзүүлбэл иргэдээс төлбөр авахаар нөхцөл үүссэн. Төлөвлөгөөт үйлчилгээнд амбулаторийн үйлчилгээ, бүх мэс засал, хавдар хөнгөвчлөх тасгийн бүх тусламж орж байгаа тул үнэхээр хүнд байдалд орлоо.
Улсын сан мөнгөгүй болсон гэсэн. 2025.09.29-ны өдөр даатгалтай холбогдож "Манай эмнэлгийн тусламж үйлчилгээ илүү гарсан. Дараагийн сар руу шилжих үү" гэхэд "Тэгнэ" гэсэн. Гэтэл 2025.09.30-ны өдөр ЭМЯ-аас яриад "Орохгүй боллоо" гэх мэдэгдэл ирээд программ дээр хаачихсан. Төлбөртэй эмчилгээ хийлгэ гэхээр боломжтой иргэн ч байна, боломжгүй нь ч байна. СХД хамгийн их хүн амтай, тэр хэрээр эмзэг бүлгийн хүн ам ихтэй учраас энэ шийдвэр маш хүнд туслаа.
СХД-ийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгч М:
-Манай ээж 83 настай хүн. Өөрсдөө мөнгө төлж хэвтэхгүй л бол ЭМД төлсний хэрэг байхгүй болчихож. Насаараа улсад ажиллаж, ЭМД төлсөн ч хамаагүй мөнгөгүй бол та үх гэдэг л болсон байна. Хүн бүр л ЭМД төлдөг биз дээ. Яг хэрэг болоод эмнэлэгт хандахаар ЭМДС-д мөнгө байхгүй гэдэг нь үнэхээр ойлгомжгүй байна. Ямар бодлого хэрэгжиж хүмүүсээс авсан татвар, тэр мөнгө хаашаа орсон бэ гэдэг нь сонин байна.
СХД-ийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгч С:
-Би ЭМД-аа бараг 20 жил төлж байна. Өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авах ёстой. Гэтэл чадахгүй байна. Мөнгөө төлөөд 10 гаруй хонож байна. Төлсөн даатгалаараа эмчлүүлмээр байна. Хэрэв ингэж өөрсдөө төлбөрөө төл гэвэл ЭМД-аа төлмөөргүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.