🔴LIVE: Л.Мөнхбаясгалан: Монгол төрийн эс үйлдэхүйг үзэн ядаж байна. Засгийн газар огцрох ёстой
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Ерөнхий сайд Г.Занданшатарыг анх томилогдож байхад нь би "Говь усгүй болсон, хүмүүс тэнд амьдрах боломжгүй болж байна. Таны Засгийн газрын тэргүүлэх бодлого чинь говийн ус байх юм бол таныг бүх талаар дэмжинэ" гэсэн юм. Гэтэл өнөөдөр төсөв ороод ирсэн чинь ганц говийн ус биш, Монгол Улсын усан дээр нэг ч төгрөг байхгүй. Цөлжилт дээр 300 хэдхэн сая төгрөгтэй.
Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан гол шалтгаан нь "Говийн бүсэд 2050 он гэхэд хүн амьдрах боломжгүй" гэж дүгнэсэн эрдэмтдийн судалгаа байхад энэ дээр Монголын төр нэг ч төгрөг тавиагүй, ямар ч бодлого байхгүй. Энэ бол эс үйлдэхүй. Говийн ард түмнийг "Үх" гэж байгаа юм шиг байна. Энийг би хөөцөлдөөд, хоёр дахь удаагаа өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Байгаль орчны сайдаас өөр нэг ч сайд орж ирдэггүй, тоодоггүй. Ус, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт ярихаар тоодоггүй, харин сандал ширээ ярихаараа нэгнийгээ алахаас наагуур юм болж байна.
Төсөв дээр 2.3 их наядыг зөвхөн хурал семинар, цай кофенд зориулсан байгаа юм. Гэтэл 2.7 их наядаар Хэрлэн-Тооно, Орхон-Онги төслийг бүрэн хийж дуусгах боломжтой. Ийм юм баталчихаад, тэгээд гишүүдийг аргалах гээд гарын үсэг гээд явж байгаа нь говиос сонгогдсон гишүүний хувьд надад үнэхээр утгагүй санагдаж байна. Би Монголын төрийн эс үйлдэхүйг үнэхээр үзэн ядаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.