🔴LIVE: Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-УИХ-д суудалтай Үндэсний эвслээс нэгдсэн шийдэлд хүрч, хоёр чухал тогтоолын төсөл дээр гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, төрийн нууцын зэрэгт авсан нүүрс худалдааны 32 гэрээтэй холбоотой асуудлуудын зөвхөн хавтсыг нь үзүүлээд байгаа. Ямарваа нэгэн улс төр болохоор тэр хүнд нь зориулж нэг хуудсыг нь нээгээд, үнэн худлаа нь мэдэгдэхгүй гүжирдэж, доромжилж, нэр хүндийг нь гутаадаг, улс төрдөө ашигтай байдлаар ашигладаг үзэгдлүүд байна. "Энийг бүгдийг нь нууцаас гаргаж, УИХ-аас нэр шалгах түр хороо байгуулаад шалгая" гэх зарчмын асуудлыг хөндсөн. Тэр хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүд нэгдэж, нүүрстэй холбоотой бүхий л асуултуудыг хянаж шалгах УИХ-ын тогтоолын төсөл дээр Үндэсний эвсэл гарын үсэг зурсан. Үүнийг тун удахгүй өргөн барина.
Хоёрдугаарт, Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор нийтэд яригдаж байгаа үндэслэл бүхий мэдээллээс гадна бид дөрвөн зүйлийг тооцож, Үндэсний эвслийн гишүүд Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэн, гарын үсэг зурсан. Яах аргагүй намынхаа дотоод асуудлаар зохицуулагддаг дүрмээс халиад, намын асуудлыг төрийн зовлон, одоо бүр төсвийн зовлон болгоод, улмаар эдийн засаг зовлон болгох нь бодитой боллоо. Үүн дээр маргаад байх зүйл алга. Миний мэдэхээр, МАН-ын түүхэнд хоёр дахь удаагаа ийм юм тохиолдож байна.
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар өчигдөр маш ноцтой мэдэгдэл хийсэн. Ерөнхий сайд Хууль зүйн сайдаасаа хууль бус үйлдэл хийхийг шаардсан. Үүнийг нь Хууль зүйн сайд зөвшөөрөөгүйгээс үүдэлтэйгээр түүнийг орлуулах асуудал хөндөгдсөн. Хэн нэгэн хүний асуудалд би субьектив байдлаар огтхон ч хандахгүй. Хуулиа л дээдлэх ёстой.
2020 онд надад юу тохиолдсон билээ? Хэвлэлээр янз бүрээр доромжлоод, хулгай хийсэн, хүн алсан гээд л бишгүйдээ над руу дайрч давшсан. Хууль хяналтын байгууллагуудаар шалгаж эхлэхэд нь би бүрэн эрхээсээ түдгэлзэж, чөлөөлөгдөж байгаад шалгуулъя гээд явсан. Сүүлдээ намайг хонгилоор чирээд явчихсан. Ингээд намайг хорьж хорьж байгаад эцэс сүүлдээ Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгочихсон. Энэ зовлонг өөрийн биеэр амсаж байсан хүний хувьд, хууль хүчний байгууллагуудыг бороохой болгож улс төрд ашиглахыг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхийг би зөвшөөрөхгүй.
Сүүлийн үеийн нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг харахад муу үзүүлэлтүүд нь л өсөөд, сайн үзүүлэлтүүд нь эсрэгээрээ унаад байна. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад 100 хонож байна. Энэ 100 хоног бол асар их хугацаа. Уг нь эхний 30 хоногт л үр дүн гараад эхэлдэг. Адаглаад сайн ажиллаж чадна гэдэг итгэл төрөхгүй байна.
Энэ Засгийн газрын бүрэлдэхүүн үнэхээр чадамжгүй байна. Үндэсний эвсэл яагаад Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан бэ гэхээр "Бид орж ажиллая" гэсэн. Нуугаад байх юм алга. Энэ унхиагүй, ажлаа хийж чадахгүй, асар их асуудал дагуулдаг нөхдийг сольж, чаддаг улсууд нь орж ажиллая. Би өөрийгөө чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Чадаж ч байсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.