МАН-ын зодооны тойм

Өнгөрсөн зуны эхэнд болсон “Орлогоо нотол!” жагсаалаас хойш онгойсон МАН-ын даргын суудал манай улсын хамгийн дур булаам зүйл болсон. Гэтэл энэ намын даргын суудал Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтийнээс ч бараг өндөр ажгуу. Г.Занданшатар маань Ерөнхий сайд болж дөнгөсөн хэр нь намынхаа дарга болоход арай л жулдаж харагдсан нь бол үнэн. Тиймээс ч “Хэн нь намын дарга болох вэ?” гэсэн асуулт шувуу шиг эргэлдэж, нэр гарсан улсууд нэрээ эвтэйхэн хасуулж байв. За энэ ч яах вэ.
Харин нэг л өдөр Засгийн газрын зүгээс намынхаа Нарийн бичгийн даргаа бүр Тусгаар тогтнолын ордноосоо гэнэт баривчилсан нь үйл явдлыг орвонгоор нь эргүүлж орхисон юм. Цаг хугацаа нь ч тэгж таарсан уу, эгдүү зэвүү нь ч хүрсэн юм уу, ямартаа ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан маргааш нь “намын даргад өрсөлдөнө” гэдгээ олон нийтэд зарлалаа. Ингээд “талууд” хайнаа хагалахаар намынхаа Бага хурлыг хүлээлээ. Тэр хоорондоо бага сага толхилцож байснаа Г.Занданшатар “Лхагвын тойм”-д Б.Энхбаяр гэдэг “Тэмээ”-гээ түлхэж шалав. Хүн сонсоход үс босом онц ноцтой хэргүүдэд Д.Амарбаясгалангаа шууд л гүжирдэж орхив. Бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүү дээ. МАН-ын дотоод сунгаа ийм галтай эхэлж байхыг урьд хожид хүмүүс үзээгүй билээ.
Намын даргаа сонгох өдөр Бага хурлын уур амьсгал жигтэйхэн найрсаг, найзархаг эхэлсэн. Мандатуудаа ярс хийтэл өргөөд л, мэндлээд л, гар бариад л. Хоёр нэр дэвшигч зэрэгцэн сууж, инээлдээд л. Харин санал хураалт явж, цөөнхийн санал авч, ялагдсанаа сонсоод Г.Занданшатар аашаа үзүүлж эхэлжээ. Машины тооллогыг гараар дахин тоолохыг шаардаж, танхимын уур амьсгалыг “чөтгөрлөг” болгов. Нөгөөх санал нь гараар тоолоод ч яв цав мөргөв. “Би энэ санал хураалтыг зөвшөөрөхгүй! Ер нь энэ хурал хүчингүй! Их хурлаар шийднэ…!”. Тойрогтоо унасныхаа дараа ойр тойрныхондоо үзүүлж байсан тэр ааш нь шүү дээ. Арай л Баянхонгор шигээ зодолдсонгүй.
Тэдний талынхан хурлаа тараахыг уриалж, хоёр дахь шатны санал хураалтыг болиулахыг эрмэлзэж, хүмүүсээ авч гарч, бүр цоожтой өрөөнд түгжиж хүртэл үзэв. Гэсэн ч Бага хурлын 400 гаруй гишүүдийн 300 гаруй нь танхимдаа үлдэж, хоёр дахь санал хураалтаар Д.Амарбаясгаланг намын даргаар сонгоод, тэр ч байтугай экс дарга Л.Оюун-Эрдэнэ ёслол төгөлдөр тамга сэлтээ гардуулаад өгчих нь тэр. Тэгмэгц Г.Занданшатар мөнөөх “тэмээ”-гээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тавьснаа зарлаж бэрс гаргахыг оролдлоо. Тэгэнгүүт нөгөө тал “тэрэг” түлхэж, Хяналтын ерөнхий хорооны хурлаараа намаасаа хөөснөөр “тэмээ” өнхрөн унаж, тоглоомоос гарав. Ил гарсан намын даргын өрсөлдөөн одоо цагаандаа гарчихсан байгаа нь энэ шүү дээ.
Оролцоогүй хутгалдаагүй бүлэглэл ч гэж алга. “No war, No Naadam”-ын гудамжныхан ч орчихсон явах шиг. MCS-ийн тамгатай гишүүдээс авхуулаад, Ц.Элбэгдоржийн сүлжээнийхэн ч язганаж байх шиг. Б.Хурц нар бүр онгод нь орчихсон ордноор гүйж явааг бид харлаа. “Засагт хайртай” улсуудын жагсаалт үүгээр ч зогсохгүй нь тодорхой. Нэгэн цагийн Ю.Цэдэнбал, Д.Дамба хоёроос хойш МАН-ын бүх зодоон “ханцуй дотроо” болж ирсэн сэн.
Өдгөө ордон дотор гарын үсгийн цаас нисэлдэж байна. Засгийн газрыг огцруулах цаасан дээр 70 гаруй гишүүд зурсан сурагтай. Харин УИХ-ын даргаа огцруулах цаас нь Засгийн хэдэн сайд нараас халихгүй зовоож байгаа бололтой. Нэгэнт ийм болсон бол УИХ дээр Засаг огцрох эсэхийг энэ долоо хоногтоо хэлэлцчихээр харагдана. Тэгэхдээ тулбал “Тэр нүүрсний хулгайчийг хар даа” гэж заангуутаа уул уурхайн компаниудад тавьдаг АМНАТ-ыг хүчингүй болгож, Эрдэнэс Тавантолгой дээр онц байдал тогтоож БЭТ тавьж байгаад баахан будилуулсан засаг маань сандралд орох нь тодорхой. Ер нь л Г.Занданшатар мэгдүү. Мэгдэхээрээ гэнэт торонд орсон баавгай шиг элдэв юм сүйтгэж, тараах шинжийн эр.
Зүгээр нэг намын даргын суудлын өрсөлдөөн ийнхүү төрийн хямралыг дуудлаа. Ерөнхий сайд нь УИХ-ын даргаа шалгаж, тагнаж, мөрдөж, мөшгиж байгаа сурагтай. Шалгасан болгонд нь буруугүй ээ гээд баримт үзүүлээд байгаа түүнийг одоо “Есөн үеэр” нь шалгаж эхэлсэн гэнэ. Эрх мэдэлтнүүдийн зодоон ингэж л заваардаг. Харин хэзээний л дүйвээнд дуртай Ардчилсан нам УИХ-ыг тараах ч санаа цухалзуулаад эхэлж. УИХ тарвал Ерөнхийлөгч төрийн эрхийг ганцаар эдлэх болно. Парламентын дархлаа хэрхэх...?
Одоо тэгээд юу болох вэ?
· Цагийн байдал ингээд ирэхэд Ерөнхийлөгч гарч ирж загнадаг сан. Гэхдээ саяхан сошиал медиад үзэгдээд өнгөрсөн түүний хуучин “загналт” лав олны анхаарал татсангүй. Давтамж нь хэт ойртсоноос болов уу. Гэхдээ одоо найз нь дэгэн догоны ирмэг дээр ирчихээд байна. Сонгуульдаа шороо манартал ойчиход нь гараа сунгасан журмын нөхөр нь. Нөгөөх нь яасан ч урагшгүй юм. Гэхдээ улсын “аав” байна даа. Төрийн хямралыг гэтлүүлэхээ эрхэмлэж, тал тохойгоо хойш нь тавих биз. Төр үймэхэд түмэн олон ч үймдэг номтой. Бензин шатахуун хомсдоод эхэллээ. Төсөв хэлэлцэх маань ч юу болов. Сайд нар нь ч урдах ажлаа умартан эгээгийн дүү, агаагийн дүү гээд энэ хэрүүлд оролцон хэвлэлээр “жавжганалдаад” эхэлсэн.
· Г.Занданшатар дээр “гудамжныхан” ирж нийлсэн байгаагаас харвал лавтай нэг захиалгат жагсаал болж таарах байх. Үнэ ханшных нь тоо ч нисэлдээд эхэлсэн байна. Г.Занданшатар “хар пиардаа” хүч нэмэх гээд, Эбигийн АН-ын аль золбин галзуугаараа алдартай гудамныханд төрсөн намаа нохойд хаядаг яс шиг шидэж өглөө. Энэ нь МАН-ын эгэл жирийн гүшүүдийн уур бухимдлыг төдийгүй Бага хурлын гишүүдийн эгдүү, дургүйг хөдлөгөж өөрт нь нэмэр биш нэрмээс болж байгаа. Хоёр ч удаа өвдөг шороодсон түүний “пиарын” баг нь урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг шиг сандруу л байна. Ямартай ч журмын нөхдөө дайсантайгаа нийлж намнадаг түүний энэ арга барил “Зандкаадна” гэдэг нэрээр МАН-ын түүхэнд “шинэ тээкноложияаа” болон үлдэх нь.
· Ингээд асуудал эцсийн үе болох “бохир тоглоом” руугаа орж, цагдаа прокуророос айлган сүрдүүлж, ахиад ч хэдэн баривчилгаа явуулах сурагтай. Арай ч УИХ-ын даргаа очоод гавлахгүй байх. За мэдэхгүй дээ ер нь. Торонд орсон баавгай гэж дэмий ч дурдаагүй юм. Баавгай ч тэр, бамбаруушнууд нь ч тэр галзуурцгааж.
Харин одоо, ерөнхийдөө “тэмээ” Б.Энхбаярын ярьсан бүхнийх нь баримт байвал нэг “өрөг”-өө авна. Харин “бид хардаж байна” гэсээр дуусвал Баянхонгорт шороо манаргаснаа давтана. Тахимаа өгдөггүй шороотой бөх муухай даа. Өнөөдрийг хүртэл өрсөлдөгчөө “хулгайч” гэхээс өөр олигтой “бод” байтугай “хүү” ч гаргаж ирсэнгүй.
-Хэрвээ дээр бичсэнээр хууль, хүчнийхэн хүч түрээд ороод ирвэл яах вэ?
-Яах вэ дээ, хожигдоод ирэхээрээ тоглож байгаа шатраа шууд нураагаад явчихдаг хүүхэд л болно доо мань Шатар дарга. Харин хөлөг нь Монголын төр...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.