Төсвийн алдагдал инфляци хөөрөгдөх нь тодорхой болов

Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай хэмээн анхлан хэлж байсан. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 33 их наяд төгрөгөөр тооцсон” гэдгээ хэдийнэ мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан улсын төсөв болоод улсын эдийн засгийн талаар дахин мэдэгдэл хийхдээ өмнөх мэдэгдлээ үгүйсгэсэн зүйлс олноор ярилаа. Түүний ярьж байгаачлан бодит байдал дээр энэ жилийн төсвийн гүйцэтгэл дөнгөж 50 гаруй хувьтай байна. Алдагдалтай төсөв батлагдаж, 2026 оны төсөв дээр ч энэ алдагдал даамжрах нь гарцаагүй боллоо. Улмаар “муу” төсвийн гор улс орны эдийн засаг, өрхийн амьжиргаа, бизнесийн орчинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед төсвийн алдагдал хүнд цохилт өгөхөөр хэмжээнд хүрч, гадаад өр нэмэгдэх, төгрөгийн ханш сулрах, инфляц өсөх эрсдэл улам бүр нэмэгдэнэ. 2026 оны улсын төсөв нь урт хугацааны бүтэц сайжруулах реформ, хэмнэлтийн бодлого, өрийн тогтвортой менежмент гэсэн үндсэн зарчмуудаас хол байгаа нь Сангийн сайд Б.Жавхлангийн удирдлага дор энэ бүх асуудал бодлогын түвшинд орхигдсоны тод илрэл болж байна.
Баримт дурдахад, “Нэгдсэн төсвийн 2025 оны эхний 8 дугаар сарын тэнцвэржүүлсэн нийт тэнцэл -1,247.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч 4.8 дахин алдагдал нэмсэн” талаар https://shilendans.gov.mn/ сайтаас судалж болно.
УИХ-ын зарим гишүүдийн хувьд ч 2026 оны улсын төсөв эдийн засгийн бодит нөхцөл байдалтай зөрчилдөж байгааг шүүмжилсээр ирлээ. Валютын нөөц буурсан, зарим хөрөнгө оруулалтын төслүүд саатсан зэрэг нь ирэх оны төсөв үр ашиггүй, алдагдалтай гарахад нөлөөлсөн гэдгийг тэд тодотгон хэлж буй.
Сангийн сайд Б.Жавхлан аль 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр ч төсвийн тэнцэл доголдсон, төрийн сан улайсан талаар мэдэгдэж байсан бол өнөөдөр 1.3 их наядын төсвийн алдагдлыг огтхон ч тоосон шинжгүй, үргэлжүүлэн батлуулах гэж улайрч байна. Төсвийн сахилга, зарцуулалтын хяналт сул байгаа энэ асуудалд Сангийн сайд нь, толгойлсон Засгийн газар нь яалт ч үгүй хариуцлага хүлээх нь зүйтэй юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.