🔴LIVE: П.Сайнзориг: Г.Занданшатар Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж байгаа учраас огцруулах санал гаргалаа

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдлээ.

Учир нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж, тодорхой компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж байгаа учраас ийнхүү түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзжээ. П.Сайнзориг гишүүний гаргасан засаг огцруулах бичигт одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, гарын үсгээ зураад байгаа ажээ.

П.Сайнзориг гишүүн мэдээллийн эхэнд Засгийн газрар 100 хоногийн ажлын тайландаа FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ-ын багийг Монголын охид хожсон, улмаар дэлхийн аварга болсон, и-спортын “МонголЗ” баг дэлхийн аварга болсон, математик, шатар, чөлөөт бөх, боксоор Монголын залуучууд амжилт гаргаж байгааг “Засгийн газрын хийсэн агуу ажил мэтээр” олон нийтэд мэдээлж, өөрийн хүч хөдөлмөрөөр амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа залуучуудыг доромжлохоос өөр ажил хийсэнгүй хэмээн олон нийт шүүмжилж буйг тодотголоо.

Тэр ч бүү хэл, өмнө нь эрэл хайгуул хийж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байсан “Оюут” ордыг энэ Засгийн газар нээсэн мэтээр худал ярьсан. Бодит байдалд “Оюут” Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуул явуулж, 41.8 сая тонн хүдрийн нөөцийг тооцон нээсэн байжээ. Улмаар Үндэсний баялангийн санг бодитой амилуулах яриа хэлэлцээрүүд зонсонги байдалд орсон, стратегийн ордуудын 34 хувийг эзэмших, эсхүл үр өгөөжийг хүртэх асуудал ч худлаа болж буйг тэрбээр тодотголоо. Түүчнлэн Г.Занданшатарын Засгийн газраас улс орны эдийн засгийн талаар өгч буй мэдээллүүд ч бодит байдалтай нийцэхгүй, зөрүүтэй, худлаа байгааг тодотголоо. Тухайлбал, 2026 оны төсвийн төсөлд АЕГ-аас өгсөн дүгнэлтэд “Төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1.662.1 сая ам.долларын алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945.0 сая ам.доллар болж, 40.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэлтэй байна” гэж дүгнэсэн.

Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс валютын нөөцийг Монголбанкнаас 5.7 тэрбум доллар гэж зарласан ч үнэндээ энэ нь гаднаас босгосон буюу эргэн төлөгдөх ёстой бондуудын болон арилжааны банкуудын валютын үлдэгдлийн нийлбэрийг нийлүүлэн зарлаж иргэдийг төөрөгдүүлэн хуурсан. Түүнчлэн экспортын орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хэдийнэ хасах дүн рүүгээ орсон. Тийм ч учраас дахин нэг оффтейк 1.0 тэрбум ам доллар босгох гэрээг байгуулахаар төсвийн хуулийг дагалдуулан УИХ-ын тогтоол өргөн барьсан нь үүнийг нотолж байна. Мөн ЭТТ-н Худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт оруулж “Чалко”-гоос зээл авахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байна.

Өмнөх оффтейк гэрээнүүдийн балаг дуусаагүй байхад ийм хариуцлагагүй үйлдэл хийж байгаа нь Монгол Улсын ирээдүйг дуусгаж байгаа үйлдэл юм. Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсны 3.6 хувь нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт бөгөөд зуданд алдсан малын тоог эдийн засгийн алдагдал гэж үзэхгүй боловч шинэ төлийг эдийн засгийн өсөлтөд тооцож буйтай л холбоотой. Тэгэхээр эдийн засгийн өсөлт 2 хувиар л тэлсэн, үүн дотроо уул уурхайн салбар ердөө 1 хувийн өсөлт үзүүлжээ. Товчхондоо, өнгөрсөн жилийн өдийд бараг 16 хувиар өсөж байсан бол өнөөдөр энэ тоо 8 дахин буурсан гэдгийг ч хэллээ. Ерөөсөө Г.Занданшатарын зарлаад буй эдийн засгийн өсөлттэй холбоотой дүн мэдээнүүд нь 6 дугаар сарын 30-ны байдлаар буюу улсын хоёр дугаар хагасын тоо буюу зургадугаар сард байгуулагдсан гэхээр бусдын хийсэн ажлыг л өөрөө хийсэн мэтээр яриад байгааг тодотголоо.

“Бодит байдал дээр төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, тендерүүд бүгд зогссон, Төрийн сангийн данс улайсан байна. Цалин, тэтгэвэрээ тавьж чадах эсэх дээр тулж ирсэн байна. Монгол Улс дампуурах ирмэгт ирсэн учир ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрт орох эсэх асуудал яригдаж байна. Энэ бол эдийн засаг сайжраагүйн дохио. Ахмадуудын тэтгэвэр амьжиргааны наад захын хэрэгцээндээ хүрэлцэхгүй, багш нар баярын өдрөөрөө цалингаа нэмүүлэхээр жагсах хэмжээнд хүртэл нөхцөл байдлыг дордуулсан байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Энэ бүхэн харин бодит болоод байгаа нь нууц биш” хэмээлээ.

Төрийн данхар бүтцийг цомхон болгоно гэж амлаж байсан ч дарга нарыг бус жирийн төрийн албан хаагчдыг олноор халж байна. Харин ах, дүү, туслах, жолоочоо элчин сайдын яам, консулын хариуцлагатай албанд томилж байна. Тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг жил дамнуулан хувааж өгнө гэж төсөвт тусгасан ч сайд нарын сонгогдсон тойрогт шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ихээр тавигдсан байна хэмээн мэдэгдээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.