“Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа болов

“Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 1989 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Шилмэл мал 2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа энэ сарын 3, 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт амжилттай болов.

Уг арга хэмжээ нь Монгол орны мал аж ахуйн салбарын шилдэгүүдийг нэг дор цуглуулж, ашиг шим сайтай, баталгаажсан үүлдэр омгийн мал сүргийг таниулан сурталчлах, туршлага солилцох, шинэ технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Арга хэмжээг нээж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, “Бид газар тариалан, мал аж ахуйг төгс хослуулж, ашиг шимт малын тоо толгойг нэмэгдүүлэх, тариалангийн талбайг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж, малчид нэгдэн малын ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч байна” гэв. Түүнчлэн “Монгол Улсын ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйн салбарын 10 орчим хувийг л ашиглаж байгаа нь цаашид хөгжих, өсөх асар их боломж байгааг харуулж байна. Мал сүргээ эрчимжүүлэх, уламжлалт арга туршлагыг орчин үеийн технологитой хослуулах, чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэх, сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон ажил бидний өмнө байна” гэдгийг цохон тэмдэглэв.

large 68e1f57b83d7de7c1b04c24f

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен “Шилмэл мал 2025”-ын оролцогчдод хандан баяр хүргэж, амжилт хүсэхдээ, “Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилттай хослуулан хөгжүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх нь энэхүү арга хэмжээний гол зорилго юм” гэдгийг онцоллоо.

large 68e1f59283d7de7c1b04c254

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын 10 аймгаас 250 гаруй малчин, мал аж ахуй эрхлэгч, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, малын биобэлдмэл, тэжээл, эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Үзэсгэлэнд Монгол Улсад үржүүлж буй “Үзэмчин”, “Тамир-2”, “Суффолк” үүлдрийн хонь, “Эрчмийн хар ямаа”, “Герефорд”, “Халимаг”, “Сэлэнгэ” үүлдрийн тэргүүтэй ашиг шим өндөр, малыг танилцуулан дуудлага худалдаа зохион байгуулж, шилдэгүүдийг шалгаруулан шагнасан юм.

large 68e1f59a83d7de7c1b04c259

Мөн малын эм, биобэлдмэл, тэжээлийн шинэ бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн инновацийн шийдлүүд, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малыг олон нийтэд танилцуулсан нь үзэсгэлэнгийн онцлог байлаа.

Дуудлага худалдаанд, мах, сүүний чиглэлийн Семинтал, Герефорд, Халимаг, Лимүзин, Казакын цагаан толгойт, Сэлэнгэ үүлдрийн үхэр, ноос, ноолуурын чиглэлийн Эрчмийн хар ямаа, Сүхбаатарын улаан хүзүүт, Суффолк хонь, Хэнтий аймгийн Галшарын гүү, Араб, Англи азарга, Тамвовски галуу, эдельбай, мангалийца тоорой зэрэг нийт 20 гаруй бод, 14 бог мал оролцлоо. large 68e1f5a783d7de7c1b04c25e

“Шилмэл мал” үзэсгэлэн, дуудлага худалдаа нь зөвхөн шилдэг үүлдрийн малыг сурталчлахаас гадна малчдын мэдлэг, туршлагыг хуваалцах, шинэлэг технологийг нутагшуулах, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.