Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татлаа

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татлаа

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт өнөөдөр улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа. 

68e0c7e0e337fe7967a30390

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм. Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ. Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн” гэв.

68e0c7f8e337fe7967a30391

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны замын зөвлөх Б.Даваасүрэн “Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан. Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1000-1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан” гэлээ.

68e0c805e337fe7967a30392

Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна” хэмээв.

68e0c81ae337fe7967a30393

Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.