Барселона клуб Монголд хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзалт хийв.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта Монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв.
Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хоёр тал хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар харилцан ойлголцолд хүрлээ.

Сайд Ч.Ундрам Монголын спортын хөгжил болон хүүхэд, залуусын авьяасыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн уг шийдвэрийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Барселона клубын хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр шинэ “Spotify Camp Nou” цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын явц, клубын бүтэц, музейн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү уулзалт нь Монголын спортын хөгжилд шинэ гарц нээж, олон улсын жишигт нийцсэн хүүхэд, залуусын хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.