“Халзан бүрэгтэй”-н сонсгол: Хайгуул хийгээд цаашид дэмжиж ажиллах шийдвэр гарлаа

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан билээ.
Тус сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулсан бөгөөд Төрийн байгууллагаас 24, төрийн бус байгууллагаас 9, төсөл хэрэгжүүлэгч 8, Ховд аймаг болон Ховд аймгийн Мянгад сумаас 46, иргэн хуулийн этгээд 34, шинжээч 11 буюу нийт 132 хүн оролцсон юм. Тэгвэл ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүнгээр "Халзан бүрэгтэй" орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтад бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл гэдгийг онцлон, хайгуул хийгээд, цаашид дэмжиж ажиллах шийдвэр гарчээ. Мөн онцлох дүгнэлтүүдээс дурдвал,
- Газрын ховор элемент гэдэгт Менделеевийн үелэх системийн лантаноидын бүлгийн 15 элемент, итри болон сканди зэрэг өөр хоорондоо химийн шинж чанар төстэй, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нэн чухал хэрэгцээтэй элементүүд хамаарна. "Халзан бүрэгтэй" ордод диспрози, терби, ниодим, паразиоди гэх 4 тогтмол соронзонгийн түүхий эд газрын ховор элемент агуулагддаг бөгөөд эдгээр нь өөрөөсөө цацраг идэвхгүй.
- Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед "Халзан бүрэгтэй"-н газрын ховор элементийн ордыг ашиглан, түүхий эдийг дунд шат хүртэл боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Энэ нь ордын нөөцийг илүү үр ашигтай ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, улмаар дэлхийн тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлэгч болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал төсөл болох юм.
- Байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд "Халзан бүрэгтэй" ордод агуулагдах уран 0.009% байгаа нь Монгол Улсын бусад газрын ховор элементийн ордуудаас бага үзүүлэлт юм.
- Малын эрүүл мэндийн талаар Мянгад суманд өмнөх онуудад төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй. Мянгад суманд 2025 оны хавар ургийн гажигтай төрсөн төлүүдэд цацрагийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж, цацрагаас шалтгаалсан эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Учир нь Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн цацрагийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас одоогоор цацрагийн шинжилгээ хийх боломжгүй байна.
- Төрийн байгууллагын зүгээс танилцуулсан мэдээлэл болон шинжээчдийн дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн цацрагийн хэмжээ хүрээлэн буй орчин, хүн малын эрүүл мэндэд хордлого үүсгэх тунгаас эрс бага байна. Тухайлбал цацрагийн хэмжээ нь "Халзан бүрэгтэй" төсөл орчимд хамгийн их газраа 1.67 микрозиверт/цаг байгаа нь Шинжлэх Ухааны онолын үүднээс авч үзвэл хүний биед нөлөө үзүүлэх эрсдэл байхгүй.
- Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй. Гэхдээ ашиглалтад шилжих үеийн технологийн усны хэрэглээг эцэслэн тооцоолох, эх үүсвэрийг тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатай.
Цаашид "Халзан бүрэгтэй" ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох зэргийг харьяа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэгч нар хариуцна гэж үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.