🔴Б.Баасандорж: Б.Энхбаярыг сайдаар томилох асуудал УИХ-д хэзээ орох нь тодорхойгүй байна
Ерөнхий сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоотой холбоотой танилцуулга ирсэн эсэх, УИХ-ын чуулган яагаад өнөөдөр хуралдаагүй зэрэг сэтгүүлчдийн асуултад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.
УИХ-ын ЕНБД Б.Баасандорж:
-Чуулганаар хэлэлцэх тов дарааллыг УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөлөл буюу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийддэг. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов дараалал батлагдсан. Товын дагуу чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаад, Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэх байсан ч байнгын хорооноос хойшлуулах санал гаргаж хойшлогдсон. Тиймээс хэлэлцэх асуудлууд хойшилсон учир чуулган өнөөдөр хуралдахгүй.
Монгол Улсын Засгийн газраас, Ерөнхий сайдаас 2025 ны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хуралд саналаа ирүүлсэн. Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Ерөнхий сайд бичгийг УИХ-д ирүүлсэн. Танилцуулахаар ирүүлсэн танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэнэ. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов байхгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. Даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байж энэ тов тодорхой болно гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.