🔴Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын, эрх мэдэлтний дарангуйлалд өртсөн улс хэзээ ч байж болохгүй
Улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж өөрийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өрнөж буй үйл явдалтай холбогдуулан өөрийн тайлбарыг өгье.
Ардчилсан парламентыг бэхжүүлэхийн төлөө би МАН-ын даргад нэр дэвшиж ялалт байгуулсан. Өрсөлдөөнд ялагдсан нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад харамсаж байна. Гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулж байна. Сая гэхэд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд ирц хүрсэнгүй, бойкот хийлээ. Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны даргатай санал солилцон, гишүүдтэй зөвшилцөөд тус байнгын хороон дээр цагдаагийн байгууллагын мэдээлэл авахыг хүссэн юм. Мэдээллийг сонсохгүй байх шалтгаан юу вэ? Намайг гүтгэсэн этгээдүүд энэ хуралд ирсэнгүй. Ойрын хугацаанд төрийн ажлыг тасалдалгүй явуулна гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд намайг нүүрсний хулгайд холбогдуулж, ямар нэг баримтгүйгээр гүтгэж ирлээ. Харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласан цагаас энэ гүтгэлэг идэвхжлээ. Улс төрийн дарамт хэрээс хэтэрсэн байгааг сүүлийн өдрүүдэд ихээр харлаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж байсан хүнийг Ерөнхий сайд нь ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа зарлалаа. МАН-ын бага хурал дээр намайг гүтгэж байсны учир ийнхүү тайлагдлаа. Сайдын албан тушаалаар шагнуулж байгааг ард түмэн харлаа.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд, намын бүлгээ хуралдуулахыг хүсэж байна. Би уг хуралд оролцож өөрийн байр суурийг илэрхийлье. Төрийн үйл ажиллагаа нэг ч хором тасалдаж болохгүй гэдгийг бүгд анхаарч ажиллах ёстой
Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэг байдлаар цагдаагийн байгууллагад дуудагдаж шалгагдах нь битгий хэл гэрчийн мэдүүлэг ч өгч байгаагүй. Монгол улс ардчилсан улс. Иргэний хүний нэр төр холбогдох хуулиудаар хамгаалагдсан байдаг. Гэтэл улс төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлагтайгаар удаа дараа ард түмнийг төөрөгдүүлж байгаа нь ардчилалд эрсдэлд орсныг харуулж байна. Өнөөдөр намайг ингэж гүтгэж байгаа бол маргааш хэнийг ч гүтгэж магадгүй болжээ.
Улс төрийн намуудад хандаж хэлэхэд, та бүхэн хариуцлагатай хандаарай. Баталгаа нотолгоотой баримтгүйгээр нэр төрд халдсаны улмаас төрийн байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсч байгаад харамсаж байна. Би Ардчилсан намын бүлгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. УИХ дахь АН-ын бүлэгт орж тайлбар өгөхийг хүсэж байна. Хүлээн авна гэдэгт итгэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2025.09.29-ний өдөр намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул би цагдаагийн байгууллагад хандаж, ямар нэгэн хэрэгт холбогдсон эсэхээ шалгуулах хүсэлт гаргасан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн дарамт үзүүлж байж болзошгүй байна. Талийгаач болсон хүний нэрийг дурдсан. Энэ хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард прокурорын түвшинд бүрэн хаагдсан болохыг нотолсон бичиг цагдаагийн байгууллагаас ирсэн. Үүнийг сэтгүүлч та бүхэнд тарааж өгье. Намайг хилээр 30 сая ам.доллар хилээр оруулж ирсэн, хүн "нухсан" гэх мэтээр маш хариуцлагагүй ярьж, гүтгэсэнд харамсаж байна. Цагдаагийн байгууллагаас ирсэн бичгийг судалж үзлээ. Гэмт хэрэгт холбогдуулж байгаа уг хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан гэж ойлгогдохоор байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар даргад хандаж хэлэхэд, Гүйцэтгэх засаглал парламентаас соногддог. Надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдож, улс төрийн хямрал болсон мэтээр мэдээлэл тарааж байгаагаа таслан зогсоохыг шаардаж байна
МАН хэдэн удаа намын даргаа өөрчилж, хэдэн арван сонгууль өрсөлдөөний ард гарч байсан. Тухайн цагтаа маргалдаж мэтгэлцдэг үр дүнгийн дараа өрсөлдөгчөө хүндэлж, хамтдаа урагшилдаг алтан зарчмаа барьсаар ирсэн. Харамсалтай нь энэ удаагийн өрсөлдөгч маань намын нийт гишүүдийн итгэл рүү ус цацаж, намын 300 мянган гишүүний санааг чилээж, ард иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлье.
Ерөнхий сайдын, эрх мэдэлтний дарангуйлалд өртсөн улс хэзээ ч байж болохгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.