🔴С.Бямбацогт: УИХ, Засгийн газар аль аль нь ажлаа хийх ёстой. Төсвийг хэлэлцэх эсэх нь УИХ-ын бүрэн эрх

Ирэх 2026 оны төсвийн тухай хуулийг парламентаар хэлэлцэж эхэлсэн ч МАН-ын даргын өрсөлдөөний асуудлаас үүдэн УИХ дахь Ардчилсан намын ихэнх гишүүн чуулганы хуралдааныг орхин гараад байгаа билээ. Үүнээс улбаалж төрийн ажил гацаанд орлоо гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос мэдээлэл авлаа.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 

-Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Хууль тогтоох дээд байгууллага нь УИХ. Харин Засгийн газар хууль хэрэгжүүлдэг. Аль аль нь ажлаа хийх ёстой. УИХ-д Засгийн газар төсөв өргөн барьсан. Төсвийг хэлэлцэх эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Төсвийн тухай хуулийг дэмжихгүй буцаая гэвэл Засгийн газар дахиж боловсруулах нөхцөл байдал үүснэ. Ийм л зохицуулалттай.

Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлөх, томилох саналаа оруулж ирсэн. Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж Ерөнхий сайд өөрөө томилдог. 2025.09.30-ны өдөр Г.Занданшатар сайд Б.Энхбаяр гишүүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох танилцуулгаа Ерөнхийлөгчид оруулсан. Өчигдөр /2025.10.01/ УИХ-д танилцуулах бичгээ хүргүүлсэн. Өнөөдөр /2025.10.02/ хэлэлцээд яаралтай шийдэж өгөөч гэсэн хүсэлт өгсөн ч харамсалтай нь УИХ хэлэлцсэнгүй. ХЗДХ-ийн сайд, Засгийн газрын гишүүнийг яаралтай парламентад танилцуулж, Ерөнхий сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь УИХ санаачилгатай ажиллаасай гэж хүсэж байна. Сайдын асуудлыг УИХ-д зөвхөн танилцуулна, шийдвэр гарахгүй. Танилцах товоо өгчихвөл сайд үүрэгт ажлаа хийх боломж бүрдэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.