🔴Хяналтын Ерөнхий хороо шийдвэрээ эргэн харахгүй бол бид намаасаа гарна
МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг өчигдрийн /2025.10.01/ МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны /ХЕХ/ хурлаар "хөөх" шийдвэр гарсан билээ. Уг үйл явдалтай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин, З.Мэндсайхан нарын зургаан гишүүн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
-Төрийн эрх барьж байгаа МАН шударга, ёс зүйтэй байх ёстой. Өчигдөр манай намын ХЕХ хуралдаж Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасныг хэвлэл мэдээллээс харлаа. Сонгуулиар бид өөр зүйл амласан. Албан тушаалын төлөө дүрэмгүй тоглож болохгүй. Ухамсартай, хариуцлагтай байхыг ХЕХ-оос шаардаж байна. Шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бид эхний ээлжинд УИХ дахь МАН-ын бүлгээс, цаашилбал намаасаа гарах шийдвэрийг гаргаж байна. Үүнийгээ намдаа илэрхийлнэ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Манай нам авлигалтай тэмцэх тодорхой заалтуудыг заасан байдаг. Гэтэл авлига ярьсан хүн нь буруутаж байх шиг байна. Хоёр хүний нэр холбогдож байгаа. Гэм буруугийн зарчим нэг хүн дээр үйлчилж, хуулиар гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад хөөх шийдвэр гаргасан нь буруу. ХЕХ шийдвэрээ эргэн харахгүй бол дээрх арга хэмжээг авна. Манай нам авлигалтай тэмцэх бус ухарч байх шиг байна. ХЕХ гишүүнийг намаас хөөх хэд хэдэн үндэслэл байдаг ч сая Б.Энхбаяр гишүүний гаргасан үйлдэл тэр үндэслэлд багтаагүй.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-МАН-ын 2024 оны сонгуулийн урианд ч авлигалтай тэмцэх заалтууд багтсан байдаг. 2024 оны нүүрсний сонсголыг тухайн үеийн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр нийтэд дэлгэж, ард иргэдийг мэдээллээр хангасан. Энэ бол салбарын сайдын хувьд шударга ёсыг тогтоох ажлыг манлайлсан гэж үзэж байна. Ард түмний амьдрал хүнд байгаагийн цаана авлига байгаа. Намаар дамжиж дарангуйлал тогтдог. Шударга ёсны төлөө тэмцсэний төлөө дарангуйлал тогтоож болохгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.