Зорчилт хөдөлгөөнд суурилсан нэгдсэн үйлчилгээний системийг хөгжүүлнэ

Зорчилт хөдөлгөөнд суурилсан нэгдсэн үйлчилгээний системийг хөгжүүлнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулж, өнөөдөр тайлангийн хурал хийлээ. Тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын туршлага, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцэв.

НЗДТГ, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр "Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги" боловсруулах зөвлөх үйлчилгээг Япон улсын Алмек корпораци болон Си Ти Ай инженеринг интернейшнл хамтран үзүүлсэн. Мөн уг стратегийг боловсруулахад Япон, Франц, Филиппин, Монгол зэрэг нийт дөрвөн улсын 18 мэргэжилтэн оролцсон байна.

29d7eb69f8c04a0bb9b46d42dd02fcf1

Тайлангийн хурлыг нээж нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид өдийг хүртэл Улаанбаатар хотын анхны төлөвлөлт болох 600 мянган иргэнд зориулсан хотын төлөвлөлтийн стратегийг баримтлан ирсэн. Хэдийгээр энэ хугацаанд хэд хэдэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловруулсан ч төлөвлөлтөө бодитоор хэрэгжүүлж чадаагүй учраас өнөөдөр хүндээ ээлгүй хотыг бид хамтдаа бүтээжээ. Ийнхүү хүндээ ээлтэй, хүртээмжтэй ногоон хотыг бүтээх стратегийг хэрэгжүүлэх эхлэл өнөөдөр тавигдаж байгаад баяртай байна” гэсэн юм.

cd0d8df7d64744599eea3a7224115e46

Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийн урт хугацааны алсын харааг дараах үндсэн стратегид тулгуурлан тодорхойлжээ. Тухайлбал, 

Хүртээмжтэй байдлыг хангах стратеги:

  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд тасалбарын нэгдсэн худалдаа, тээврийн олон төрлийн байгууламж, автобусны зогсоол сайжруулах, захиалгат тээврийн (буухиа) үйлчилгээг нэмэгдүүлнэ.
  • Явган хүний болон дугуйн замын сүлжээг өргөтгөн, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нийтийн эрүүл мэндийг сайжруулна.
  • Зорчилт хөдөлгөөнд суурилсан нэгдсэн үйлчилгээний системийг хөгжүүлнэ.

Байгальд ээлтэй стратеги:

  • Тээврийн ногоон коридорыг хөгжүүлж, цэвэр тээврийн хэрэгслийн хэрэглээг (цахилгаан болон цэвэр түлш ашиглах) дэмжих замаар хүлэмжийн хийн ялгаруулалт, тээврийн хэрэгслээс гарах хаягдал утааг бууруулна.
  • Ус зайлуулах системийн менежментийг сайжруулж, газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх систем нэвтрүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлнэ.
  • Тээврийн системийн нийт хэрэглэгчдийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Тогтвортой байдлын стратеги:

  • Нийтийн тээвэртэй уялдуулан авто замын орон зайн зохистой хуваарилалт, хамтран дундаа ашиглах зорчилт хөдөлгөөний боломжийг дэмжих зэрэг үр ашигтай олон төрлийн тээврийн хэрэглээг ашиглах иргэдийн зан үйлийн өөрчлөлтийг дэмжинэ.
  • Тээврийн эрэлтийн менежментийн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар зорчих хэрэгцээг бууруулах, гэр хорооллын тохижилт, хөгжүүлэлт, нийтийн тээвэрт суурилсан хөгжлийг дэмжинэ.
  • Тээврийн системийн нийт хэрэглэгчийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын уялдаа холбоотой хөтөлбөрийг хөгжүүлнэ.
  • Автобусанд давуу эрх олгох, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, логистикийн байгууламжийг сайжруулах, зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний саадыг бууруулах замаар тээврийн дэд бүтцийг илүү үр дүнтэй ашиглана.
  • Нийтийн тээврийн дэд бүтэц, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдуулсан авто замын сүлжээний сайжруулалт, идэвхтэй тээврийн дэд бүтэц, ногоон байгууламж болон орчны тохижилтын хамтаар "Иж бүрэн гудамж" бий болгоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.