🔴Н.Номтойбаяр: Г.Занданшатар дарга яагаад улс төрийн эрх мэдлийн өрсөлдөөн болж байхад ийм шийдвэр гаргав?

Ерөнхий сайд Г.Занданшатар: Би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа" хэмээн өчигдөр /2025.09.30/ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайдын гэнэт гаргасан энэхүү шийдвэр Үндсэн хууль болоод Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн үү. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Энэ бол Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгогдсон бүрэн эрх. Гэхдээ хуулийн нарийн зохицуулалттай. Зүгээр сууж байгаад энийг солино, тэрийг хална гэж болохгүй. Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд ийм томилгоо хийж байгаа гэсэн. Яагаад улс төрийн эрх мэдлийн өрсөлдөөн болж байхад ийм шийдвэр гаргав? Г.Занданшатар өөрөө УИХ-ын дарга байх үед түүний удирдлага дор нүүрсний сонсгол явуулсан. Асуудлыг сайн мэдэж байсан ч яагаад өчигдөр л энийг хөндөв?

Надад байгаа мэдээллээр Т.Аюурсайхан л ял авлаа. Гэхдээ нүүрсний асуудлаар ял аваагүй юм шиг байгаа юм. Улс төрийн асуудал болонгуут хэн нэгнийг нүүрсний хулгайч болж цоллодог болж. Улс төрийн эрх мэдэлд хяналт тавих баланс 126 гишүүнтэй парламентад байгаа шүү дээ. Нүүрсний гэрээ гээд байгаа, бүгдийг нь нууцаас гаргаж үзмээр байна. 

Улс төрийн тогтворгүй байдлын зовлонг би өөрөө амсаж байсан хүн. МАН олонхоороо намын даргаа сонгосон бол түүнийгээ баталгаажуулаад явах хэрэгтэй. МАН-ын зовлон төрийн зовлон болж болохгүй. Төрийн ажлыг хэвийн явуулмаар байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал яригдаад эхэлсэн байна. Ардчилсан нам өөр улс төрийн хүчний асуудалд оролцох нь ёс зүйгүй үйлдэл. МАН-ын дотоод асуудал шийдэгдтэл бид төсвийн асуудалд оролцохгүй гэнэ үү? гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.