🔴 Ж.Чинбүрэн: ЭМД-ийн сан цоорхой шанага болсон тул цалин нэмэхгүй, бүсээ чангалъя гээд байгаа юм
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, "ДЦС-3" ТӨХК-ийн БЭТ Н.Тавинбэх нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Томуугийн вакцинжуулалтын явцыг мэдээлье.
Шаардлагатай 300 мянган хүнд вакцин хийх ёстой. 2025.09.30-ны байдлаар улсын хэмжээнд вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь хангалттай тоо юм. 6 сартайгаас 5 настай 160 мянган хүүхэд хийлгэхээс 96 мянга нь хийлгэсэн. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 62 хувь, өндөр настаны 50 хувь, эмнэлгийн байгууллагын ажилчдын 36 хувь, бага ангийн багш нар болох 8600 хүн хамрагдах ёстойгоос бүгд хийлгэжээ.
-Өчигдөр болсон Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн ярьж байгаагаар та салбарын сайдын хувьд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхгүй гэх байр суурьтай байна гэж харагдсан?
-Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмүүлэхгүй гэж би яриагүй.
2025 онд ЭМД-ийн сангийн нийт төсвөөс 316 тэрбум төгрөгийн өр төлсөн. Хэрэв тэр мөнгө байсан бол үйл ажиллагаа зогсохгүй, хангалттай хүрэх байсан. Ийм нөхцөл үүсгэхгүйн тулд зардлаа танасан ч цалинг 10 хувиар нэмэх тухай ярьж байгаа. ЭМД-ийн санд мөнгө нэмээд байдаг ч хаашаа орсон нь тодорхойгүй болоод байгаа тул хулгайтай тэмцэх, шударга байх, аль нэгэнд нь илүү, нөгөөд нь дутуу өгөхгүйн тулд сахилга бат хэрэгтэй байна. Сан өөрөө цоорхой шанага болчихоод байна. 2026 онд байгаа төсөвтөө хангалттай явах байдал харагдаж байгаа тул ийм арга хэмжээ авахаар байна.
"ДЦС-3" ТӨХК-ийн БЭТ Н.Тавинбэх:
-"ДЦС-3" дээр энэ оны зургаадугаар сарын 02-ны өдөр системийн хэмжээнд нөлөөлөхүйц томоохон осол гарсан. Энэ ослын уршгийг арилгах, сэргээн босголтын ажлын хүрээнд таван багц ажил хийх ёстойгоос гурвыг нь энэ онд хийх байсан. Өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна. Үлдэх хоёр ажлыг ирэх оны өвлөөс өмнө амжуулж хийхээр байна. Шинэ тоног төхөөрөмж, тохируулгаас болж ийм хугацаа зоосон.
Сэргээн босголтын хүрээнд засгийн газраас санхүүжилтийг бүрэн шийдэж, шуурхай шийдэх эрхзүйн орчныг ч бүрдүүлж өгсөн. Товчхондоо, энэ өвөл нийслэлийн хэмжээнд "ДЦС-3"-аас нийлүүлэгддэг байсан цахилгаан дулааны эрчим хүчний хангамж хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Өвлийн оргил ачааллын үeд тооцоолсон хэмжээнээс хэтрэхгүй бол цахилгаан хязгаарлахгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.