🔴 Н.Энхбаяр: МАН Б.Дэлгэрсайхан мэтийн луйварчдаасаа салах хэрэгтэй
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Б.Дэлгэрсайхан сайдтай биечлэн уулзсан. Н.Энхбаяр Аэромонголиа ХХК-ийн хувьцааг ав гэж Б.Дэлгэрсайханыг шахсан гэх мэт хувийн асуудал байжээ. 1,5 сая ам.доллар өгөхгүй болохоор Төмөр замын гэрээний асуудлыг дэлгэн тавьжээ гэх ойлголт төрөхөөр байна" хэмээн ярьсан. Уг асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас тодруулга авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Б.Баярбаатар УИХ-ын гишүүн байж өөр ажил хийж болохгүй шүү дээ. Гэтэл МАН-ын ажлаа өгөхгүй байгаа тул хууль зөрчигч, үл бүтэх этгээд гэж би бодож байна. Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Энэ бол том луйвраа нуухын тулд санаатай тарааж байгаа яриа гэж бодож байна.
Би Б.Дэлгэрсайхантай уулзахдаа зөвхөн оросын төмөр замын тухай ярьсан. Хувийн төмөр зам, төмөр замаар үйлчлүүлж буй бусад компаниудыг шахаад байна, оросууд төмөр зам барих асуудалд эргэлзэж байна гэх гомдол их ирлээ гэсэн. Б.Дэлгэрсайхан "Оросуудыг би зальдаж байгаа. Богд уулын урдуур мухар төмөр зам барих гэж байгаа гэж худлаа хэлсэн. Тэгж байгаад холбосон төмөр замаа барина" гэсэн. Тэрийг зөрчил байсан мэтээр дайрч байна. Энэ мэдээллийг тараалцаад байгаа Б.Баярбаатар, Б.Дэлгэрсайхан хоёрт нэхэмжлэх гаргана. 10 тэрбум доллар залилсан энэ этгээдүүдэд хариуцлага тооцуулна.
Ер нь тэгээд, МАН Б.Дэлгэрсайхан мэтийн луйварчдаасаа салах хэрэгтэй. Сонсгол яаралтай хийх хэрэгтэй байна. Ж.Баярмаа гишүүн ажлын хэсэг ахалж байгаа юм байна. Намайг гэрчийн хувьд уривал оролцоно. Хятад-Монголын харилцаанд би биш, Б.Дэлгэрсайхан сэв суулгаж байна шүү дээ. Би ямар нэгэн шантаажилсан юм ярьдаггүй. Миний толгой, бодолд ч байхгүй. Нотлох баримт, тоогоо гаргаад ир л гэж хэлмээр байна.
-МАН-ын даргын асуудлаар таны байр суурь ямар байна вэ?
-Би бага хурлын гишүүн биш. Одоо амаа барьж байна. Мань мэт шиг хүмүүсийн туршлага дутаж байна. Холоос харж сонсоход хэд хэдэн ноцтой зөрчил гарсан. 442 гишүүн бага хуралд оролцсон. Яг тэр ирцээрээ санал хураах байсан. Сүүлд орсон хүмүүсийн тоогоор үр дүнг гаргасан нь буруу. Чөлөөтэй өрсөлдөх зарчмаар сонгогдох ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.