Улаанбаатар хотын гаалийн албан тушаалтнуудын зорчих эрхийг хязгаарлав

Улаанбаатар хотын гаалийн албан тушаалтнуудын зорчих эрхийг хязгаарлав

Гаалийн байгууллагын албан хаагчдын холбогдсон авлигын хэргүүдийг шүүх хэлэлцэн шийдвэрлэсээр байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн байцаагчаар ажиллаж байсан Э.Баасансувд, П.Баярмаа нарт холбогдох хэргийг тэдний болон өмгөөлөгчдийнх нь гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Тэд Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд буусан иргэн Ганбаатарын оруулж ирсэн чингэлэгт шалгалт дутуу хийж, өөрсдөө очиж шалгалгүй, барааны марк, онцлогийг тулган хянах албан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тоо ширхэг нь таарч байгаа талаар зөрүүтэй мэдээлэл өгч тухайн иргэнд давуу байдал бий болгож, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх боломж бүрдүүлсэн хэрэгт холбогдсон юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хэрэгт 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх тэдний гэм буруутай, эсэхийг өнгөрсөн наймдугаар сарын 1-нд хэлэлцээд Э.Баасансувдын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нээлттэй байгууллагад нэг жилийн хугацаагаар хорих, П.Баярмаагийн төрийн алба хаших эрхийг мөн хугацаагаар хязгаарлаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил гаргахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оноожээ.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Э.Баасансувдыг 18 нас хүрээгүй хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялыг өөрчилж, нэг жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутгаас гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхээр боллоо. Харин төрийн албанд ажиллах эрх хассан нэмэгдэл ялыг хэвээр нь үлдээв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 1 цаг өмнө
Гаальд ажиллахаасаа ичих хэрэгтэй. Гаалийхныг харах бүртээ хогийн авилгач гэж боддог доо. Ийм л нэр хүндтэй газар даа.