🔴LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Бага хурлын гишүүдийг өрөөнд түгжсэн гэдэг худал
МАН өнгөрсөн бямба гарагт хуралдаж, намын даргаа шинээр сонгосон. Тус бага хурлыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ удирдан явуулсан юм. Түүнээс бага хуралтай холбоотой зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:
-Тухайн хурлын дэгийг нийт гишүүдээрээ батлуулах ёстой. Энэ дагуу бүр зүйл явагдсан. Дэгээ баталсан. Тооллогын комиссын сонгууль явуулах журмыг нээлттэй танилцуулж, гишүүдээс гарч ирсэн саналыг нь тусгаад, гар өргөж батлуулаад явсан. Өөрөөр хэлбэл, аль нэг нэр дэвшигч нь 66.6 хувиас илүү санал авахгүй бол дахин санал хураалт явуулъя гэсэн санал тооллогын комиссоос орж ирсэн.
Тэр журмыг Бага хурлын гишүүд бүгд баталсан. Арваннэгдүгээр сарын 15-нд Их хурал зарлагдсан. Ер нь бол энэ хурал дээр л асуудлаа шийдье, тэгэхгүй бол Монголын төрийн ажил цалгардах нь гэдэгт бүгд санал нэгдсэн. Энэ ч үүднээс тус журмыг олонхын саналаар батлаад явсан. Дүрэмтэй айхтар зөрчилдөөд байх зүйл байхгүй. Цөөн хүн үлдээд асуудлаа шийдсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь олонхоороо асуудлыг шийддэг зарчим бий шүү дээ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн. Урьд нь өгөх ёстой байсан гэж тайлбарлаад байна. Миний ширээн дээр хоёр тогтоол байгаа. Нэг нь Л.Оюун-Эрдэнийг намын даргаас чөлөөлсүгэй. Нөгөө нь намын даргыг сонгосугай гэж. Би чинь муу ч үгүй хуульч хүн. УДШ дээр чөлөөлсөн, сонгосон хоёр тогтоол огноотойгоо байхад л хангалттай.
Хоёр өрсөлдөгч гарч ирэхээр дэмжигсэд мөн хоёр тал байх нь тодорхой. Үүнийг хуваагдал гэж үзэж болохгүй. Өрсөлдөөн бий болох ёстой. Би бол хурал дээр бүх асуудлаа ярья, хүний хэлэх үгийг таслахгүй, шахахгүй байя гэж ажилласан. Бүх зүйл нээлттэй явагдсан.
Бага хурлын гишүүдийг өрөөнд түгжсэн гэдэг худал. Намын их хурал дээрээ дүрэм журмаа яриад л явна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.