🔴 Г.Төгөлдөр: Бага хурал асуудалгүй болсон юм бол энэ долоо хоногт багтаагаад шийдвэрээ УДШ-д өгчих
"МАН-ын даргыг сонгох сонгууль хууль, дүрмийн зөрчилтэй болсон" гэж МАН-ын хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр хэллээ.
МАН-ын хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр:
- Улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй байх зохицуулалттай. Тус бага хурал эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулиа зөрчсөн.
Л.Оюун-Эрдэнэ дүрмийн дагуу ямар шалтгааны улмаас намын даргын үүрэгт ажлаа өгч байгаагаа илэрхийлсэн өргөдөл өгөөгүй. Амаараа хэлсэн юм чинь болчихсон гэх агуулгаар явсан.Намын даргаа чөлөөлсөн, дараа нь сонгосон гэх тогтоол бэлдсэн байсан ч хурал даргалагч нэг тогтоолд хоёуланг нь оруулсан. Энэ нь аль нэг нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд хуучин намын дарга хэвээрээ байна гэсэн далд санаа явж байна гэж хардаж байна.
Дараа нь санал хураалтын журмыг тооллогын комиссоос баталсан. Тооллогын комисст энэ эрхийг олгосон зохицуулалт байхгүй. Нэр дэвшигч бага хуралд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг аваагүй бол тооллогын комиссын баталсан журмын дагуу зөвхөн өндөр санал авсан нэг нэр дэвшигчийг үлдээж санал хураалт явуулна гэсэн. Хуульч хүний хувьд чихэндээ итгээгүй. Үүнийгээ тооллогын комисст ч хэлсэн. Үүний цаана хамгийн бага санал авсан хүнээ хасаж нэг хүнийг л дэмжинэ гэх санаа явсан.
Ардчиллын зарчмаар дахин санал явуулах ёстой. Энэ бол байж боломгүй зүйл, сонгох сонгогдох эрхийн зөрчил.
Бага хуралд баталгаажсан 442 гишүүнээс санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь давуу санал аваагүй. Хуульд зааснаараа энэ тохиолдолд Их хурлаар шийдэх байсан. Гэтэл хоёр дахь санал хураалт явж санал өгмөөргүй байгаа хүмүүсийн эрхийг нь хассан.
Намын тухай хуульд заасны дагуу намын даргын өөрчлөлтийг 60 хоногт дээд шүүхэд хүргүүлнэ. Дээд шүүх 30 хоногийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Бага хурлын дүрмийн зөрчилтэй шийдвэрийг дээд шүүхэд өгөх үү эсвэл Их хурлаараа батламжлах уу гэдэг асуудал үүснэ.
Тооллогын гишүүд мандатаа өргөх санал дээр нүдэн баримжаагаар дийлэнх олонх гэж шийдсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.