МАН-ын VIII бага хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна
УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар:
-Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжилсан. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдсон.
Нам наймдугаар бага хурлаараа Улс төрийн намын тухай хууль, намын дүрмийг зөрчөөгүй. Аливаа хүний асуудлыг шат шатны хурлаар хэлэлцэхдээ хаалттайгаар санал хураадаг. Улс төрийн нам үзэл санаагаар нэгдсэн боловч ил санал хураалт явуулбал намын эв нэгдлийг хагалах аюултай. Хэн намайг дэмжсэн, дэмжээгүй гэдэг нь ил болно гэсэн үг. Ийм нөхцөл үүсэхээс сэргийлсэн. Улс төрийн намын тухай хуулийн Улс төрийн намын баримтлах зарчимд саналыг хаалттай хураана гэж бий. Өрсөлдөгчгүй байсан ч нууцаар санал хураадаг.
Ирц 442, 470 гэх мэтээр өөрчлөгдсөн. Хурал гурван цаг тутамд завсарласан тул ирц өөрчлөгдсөн. Сүүлийн санал хураалт маргааш өглөө нь шахуу болсон юм. Эхний санал хураалтад 440 гишүүн оролцож, 56 хувь нь Д.Амарбаясгалан даргыг дэмжсэн. Хоёр дахь санал хураалтад 321 хүн оролцсон. Нийт ирцээ биш санал өгсөн хүмүүсийн саналыг л тоолсон.
Бага хурлын нийт гишүүдийн тоо 478. Үүний 2/3-ын босгыг 321 хүн давсан тул тэдний санал хүчинтэй. Нэр дэвшигч Г.Занданшатар машины тооллогод итгэхгүй байна, алгоритм зөрсөн гэх мэт шалтгаанууд хэлсэн тул хяналтын тооллогыг гараар явуулсан. Мөн л хоёр талаас төлөөлөл тоолсон, зөрөөгүй гэв.
Монгол ардын намын их хурлыг энэ оны 11 дүгээр сарын 15-16-нд Улаанбаатарт хийхээр товложээ. Уг их хуралд 2255 төлөөлөгч оролцоно. Их хуралд оролцох төлөөлөгчийн тоо, сонгох журмыг энэ удаагийн бага хурлаар 100 хувийн саналаар баталжээ.
1200 төлөөлөгчтэй хийдэг байсан их хуралдаа тус нам энэ удаа өмнө нь байгаагүй олон төлөөлөгч оролцуулах нь. Орон нутагт чөлөөт сонгууль явуулж, их хурлын төлөөлөгчөө сонгох юм байна. Их хурлын төлөөлөгчийн 40 гаруй хувь нь эмэгтэй байх аж. Нийслэлийн 204 хороо, 330 сум, 21 аймаг дахь МАН-ын үүр бүрээс нийт эрэгтэй, эмэгтэй төлөөлөгч сонгоно. Үүгээрээ тус хурал хамгийн олон төлөөлөгч оролцсон, хамгийн олон эмэгтэй гишүүн оролцсон хурал болно. Намын их хурлаараа намын даргаа батламжлах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.