🔴Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай АН-ын 50-аас дээш насныханд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэнэ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Би чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотой үг хэлэх байсан. Үг эхлэнгүүт Х.Булгантуяа дарга миний микрофоныг хаасан. Хэлэх гэсэн үгээ энд хэлье.

Монгол Улсын төрийн эрхийг барьж, сүүлийн есөн жил засаглаж байгаа МАН ерөөсөө улс төрийн институт болоогүй байна. Сандал ширээний булаацалдаан болохоор хэн нэгнийгээ барьж авч хорьдог юм байна. Гэмт хэрэгт хутгах хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг гаргаад АТГ-т өгсөн байдаг юм байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн нь тухайн үед шалгах ёстой байсан хэргээ олон жилийн дараа намын даргын асуудал гараад ирэхээр хэлж байна. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ хүн ч Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн. Тухайн үед яагаад асуудлыг шалгуулаагүй юм. МАН 1937 онд хийж байсан хэлмэгдүүлэлтэй дахиад хийдэг юм байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих эсэхээ МАН-ын том дарга нар яриад сууж байдаг юм байна.

УИХ-ын дарга Хянан шалгах түр хороо байгуулах эрх нь байна. Хэрвээ шалгуулж чадахгүй бол УИХ тарах санал гаргана. Дарга болох болохгүйн төлөө нэг нэгнээ ялладаг. АТГ-ыг гар хөлийнхөө үзүүрээр хөдөлгөдөг, шүүхээс тэр хүссэн ялыг нь өгдөг. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай АН-ын 50-аас дээш насныханд эрүүгийн хэрэг үүсгэнэ гээд бөөн дуулиан шуугиан болж байна. Хорьж, шалгах 20 хүний нэрс гаргасан гэдэг аймшигтай санагдаж байна. Хэлмэгдүүлэлт буцаад сэргэх гэж байгаа юм уу. МАН татан буугд эсвэл УИХ тар. Би энэ үгийг чуулганд хэлэх гэж байсан ч хэлүүлсэнгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.