АН: МАН-ын дотоод сонгууль улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болгож байна

АН: МАН-ын дотоод сонгууль улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болгож байна

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа.

Монгол ардын нам намын даргаа сонгох сонгуулийг маргааш явуулах гэж буй. Энэхүү сонгууль нь "Улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болгож байна" гэж Ардчилсан нам үзэж байна. 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе. 

-УИХ-ын сүүлийн гурван удаагийн ээлжит сонгуулийн үр дүнгээр олонхын суудал авч, арван жил дараалан засаглаж буй эрх баригч МАН-ын даргын дотоод сонгуулиас үүдэн улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болоод байна. Тус намаас төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлж томилогдсон хүмүүс хууль, шударга ёсыг үгүйсгэсэн, ардчилсан тогтолцоонд харш үйлдэл, мэдэгдэл хийж, Монгол Улсад хууль хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж буй нь олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна.

Хууль сахиулах байгууллагууд шударга ёсыг сахиулах үндсэн үүргээсээ хазайж, улстөрчдийн нөлөөлөлд автсан гэх хардлага газар авч, төрийн эрх мэдэлд хууль бусаар халдах шинжтэй үйлдэл илэрч байгаа нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг ганхуулан, нийгмийн дэг журамд ноцтой эрсдэл учрууллаа.
Ардчилсан нам эрх бүхий албан тушаалтнуудад эрх зүйт ёсны зарчим, Үндсэн хууль болон ардчилсан тогтолцооны эсрэг аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг мэдэгдэж байна. Мөн МАН-ын дотоод сонгуулийн зөрчлөөс үүдэлтэй хууль, шударга ёстой холбоотой асуудлыг хууль сахиулах байгууллагууд шуурхай шалгаж, олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.
 
Ардчилсан нам парламентат ёсны дархлаа, эрх зүйт төрийн зарчмыг хамгаалан, ардчиллыг бэхжүүлж, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Улс төрийн намын дотоод асуудал Монголын төрийн асуудал болох ёсгүй гэдгийг мэдэгдэж байна гэжээ. 
e545a369ad174a1d8dee6d9519c5dd88

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.