Ерөнхий сайд Г.Занданшатар: Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя

Г.Занданшатарын тэргүүлсэн засгийн газар байгуулагдаад өнөөдөр 100 хонож байна. Шинэ засгийн газар байгуулагдаад 100 хонож байгаатай зэрэгцээд ууган улс төрийн намын бага хурлаа маргааш хийхээр болсон. Тус хурлаар МАН-ын даргыг сонгох юм. Энэ хүрээнд улс төр нэлээдгүй бужигнаж, улс төрчид мэдэгдэл хийж, олон мэдээлэл гарсаар байна. Тэгвэл ерөнхий сайд Г.Занданшатар дараах мэдээллийг өөрийн цахим сүлжээнд байршуулжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна. Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.
Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна.
Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ.
Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя гэж бичжээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.